ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнийг БНАСАУ-д байлдааны онгоцны мотор наймаалахыг завдсан хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгаж буй билээ. Тэдэнд холбогдох хэрэг улсын нууцад хамаарч байгааг хууль хяналтын байгууллагынхан хэлж байсан. Тодруулбал, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 24 дэх жагсаалтад “Зэвсэгт хүчний дайчилгааны даалгавар, нөөц, нөхөн хангах тооцоо, техник, зэвсэглэл, материал маш нууцад хамаарахаар” заасан аж. Тиймдээ ч энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байв. Гэтэл уг хэргийг дээрх хоёр байгууллагынхан шидэлцэж эхэлсэн сурагтай. ТЕГ-аас уг хэргийг шалгаж үзээд харьяаллын бус гэж үзэн АТГ-т буцаасан гэнэ.
ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа Т.Дашдэлэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, БНАСАУ-ын холбогдох хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээ биелүүлээгүйн улмаас улсад 1.5 сая долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр буруутган шалгаж буй. Уг хэрэгт “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров, иргэн Т.Нацагдорж нарын дөрвөн хүн шалгуулж буй бөгөөд “Байлдааны онгоцны мотор нийлүүлнэ” хэмээн гэрээ байгуулсан аж. Т.Дашдэлэгээс бусад холбогдогч онгоц худалдан авах, нийлүүлэх гэрээ байгуулахад оролцсон гэдэг. Бригадын генерал Т.Дашдэлэг байлдааны онгоцны мотор нийлүүлнэ хэмээн гэрээ байгуулж, БНАСАУ-ын генералуудаас хоёр тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний доллар хувьдаа авсан нь тогтоогдоод байгаа.
Манай улсын Зэвсэгт хүчин тухайн үеийн ЗХУ-ын Зэвсэгт хүчинтэй 1979 онд байлдааны зэвсэг техникийн ашиглалтын хугацаа дууссан ч гуравдагч оронд худалдахгүй, буцааж шилжүүлэх тухай гэрээ байгуулсан атал сөн өөгч-бөмбөгдөгч “Миг-21” онгоцны моторыг БНАСАУ-ын талд худалдахыг завдсан аж. Энэ нь олон улсад хүлээсэн үүрэг, гэрээгээ зөрчиж, улс дамжуулан зэвсгийн наймаа хийхийг завдсан хэмээн шалгах гол үндэслэл болсон гэнэ.
Г.РАВЖАА