Баянгол дүүргийн XVIII хороонд байрлах “Мангут” эмнэлгийнхэн хүнд байдалд ороод байгаагаа бидэнд хэллээ.
Учир нь өнгөрөгч лхагва гаригийн 17.00 цагийн үед гэнэт их дуу чимээ гарч, тус эмнэлгийн 408 тоот өрөөнөөс өвчтнүүд айж сандарсаар гарч ирсэн гэнэ. Манай сурвалжлах хэсэг “Мангут” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б. Алтанчимэгтэй уулзлаа.
-Танай эмнэлгийн 2-5 давхрын ихэнх өрөөнд цууралт үүссэн байна. Юу болсон юм бэ?
-Бид дөрвөн давхарт үзлэг хийгээд явж байтал гэнэт их дуу чимээ гарсан. Эмнэлгийн өмнө барьж буй барилгын өргөгч цамхаг нурж, хана мөргөсөн байсан. Тэр өрөөнд нялх хүүхэдтэйгээ байсан эмэгтэй гомдолтой байгаагаа бидэнд хэлсэн. Азаар тэр эмэгтэй бэртэж гэмтээгүй. Өргөгч цамхаг нүүрэн дээр нь тулаад ирсэн гэсэн.
-Орон сууц барьж буй компанийнхантай уулзсан уу. Барилга хоорондын зай дэндүү ойрхон юм?
-Энэ орон сууцыг ”Mon Metal” компани захиалж, “Green tower” компани гүйцэтгэж байгаа юм билээ. Энэ хүмүүс барилгын цууралт үүссэнийг харсан хэрнээ “Ийм байгаагүй юм уу” гэсэн. Мэргэжлийн хяналтын газрын өргөгч цамхаг хариуцдаг байцаагч н.Дашдаваа гэдэг хүн ирээд “Харин ч гайгүй байна” гээд буруутай хүмүүсийн талд орох юм. Бид холбогдох газарт гомдлоо гаргах болно гэв. “Мангут” эмнэлэг шинэ байрандаа ороод хоёр жил болж байгаа аж. “Green tower” компанийн барьж буй барилгын цахилгаан тасарснаас өргөгч цамхаг удирдлагагүй болж ийнхүү нурж унасан юм байна. Үйл явдал болсны дараахан гурав, дөрөвдүгээр давхарт нь цууралт үүсэн бол 24 цагийн дараа хоёр, тавдугаар давхрын найман өрөө, хонгилын хана цуурчээ.
Х.Оюун