Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт унасан “А-Жет лимитед” компанийн “МИ-8” нисдэг тэрэгний осолтой холбоотойгоор тус нисдэг тэрэгний багийн ахлагч болон хоёрдугаар нисгэгч, бортмеханик зэрэг гурван хүнийг цагдаагийнхан цагдан хорьсон нь олон улсад байгаагүй үйл явдал боллоо гэж нисгэгчид хэлж буй юм. Уг нь олон улсад нисгэгч нараа эхэлж шокноос нь гаргах эмчилгээ хийсний дараа учир байдлыг тодруулдаг байтал Иргэний нисэхийн цагдаагийн хэлтсийнхэн юу юуны туханд хүрэлгүй гурван нисгэгчийг барьж хорьсон.
Хүчтэй салхинд цохиулж, унах үед нисэх багийнхан самбаачлагатай ажиллаагүй бол хүний амь нас эрсдэх аюул ойрхон байсан гэдгийг хэргийн газарт очиж ажиллаад ирсэн эх сурвалж бидэнд хэллээ. Тэрбээр “Нисдэг тэрэг унахдаа сэнсээрээ газар маш их сэндийчсэн байсан. Бараг дээшээ харах шахуу унасан байна лээ. Энэ үеэр нисэх багийнхан, тэр дундаа бортмеханик Н.Нэргүй самбаа гаргаж, бүх техник хэрэгслээ салгасан байсан. Хэрэв ийм арга хэмжээ аваагүй бол шатах, дэлбэрэх аюул ойрхон байсан. Зорчигч нар нисдэг тэрэг осолдсоны дараа арын хаалгыг нь онгойлгож гарсан байна лээ” гэв.
Г.РАВЖАА