Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороог шинэ барилгатай болгохоор өнгөрсөн дөрөвдүгээр сард шавыг нь тавьж Батлан хамгаалахын сайд тэргүүтэй албаны хүмүүс оролцож байсан билээ. Гэтэл 6.2 тэрбум төгрөгөөр бариулж буй барилга өнгөрсөн даваа гаригийн өглөө нуржээ. Барилгыг хурандаа Л.Балдан-Очир захирагчтай ЗХЖШ-ын харьяа Барилгын цэргийн 017 дугаар ангийнхан барьж буй.
Анхнаасаа цутгалтаа чанаргүй, технологийн дагуу хийгээгүйгээс ийм асуудал болсон гэдгийг олон эх сурвалж хэлж байна. Ослын улмаас хоёр хүн дарагдаж гэмтэн нэг нь ГССҮТ-д нөгөө нь тус эмнэлгээс гадуур эмчлүүлж буй гэнэ. Биднийг тус барилга руу очиход цэргүүд нурсан хэсгийг цэвэрлэж, арматурыг нь салгаж авч байв.
Хашаагаар нь орох гэтэл нэг алба хаагч биднийг барьж авч зодох нь холгүй загнаж, “Та нарт ямар хамаатай юм бэ. Та нарын сайн явахыг харна” гэх мэтээр дайрч, нууцалж байгаа зүйлийг ил болгох гэлээ хэмээн уурсав. Барилгын нэгдүгээр давхрын сууринаас хоёрдугаар давхрыг нь илүү гарган барьж байсан аж. Гэтэл нэгдүгээр давхрын хана, хоёрдугаар давхрын хэсгийг цутгахын тулд бэлтгэсэн тулгуурууд даалгүй хугарснаас ийнхүү нурсан байв.
Барилга барьж буй Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн нэрээ хэлэхийг хүсээгүй нэг алба хаагч “Даваа гаригийн өглөө барилга нурсан нь үнэн. Манай удирдлага үүнийг нууцлаад өнгөрөх сонирхолтой байгаа. Тэглээ гээд ийм том барилгыг нуух боломжгүйгээс хойш. Азаар хүний амь нас эрсдээгүй, хоёр хүн хөнгөн зэргийн гэмтэл авсан. Барилгын ослыг мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар ирж үзээд дүгнэлт гаргахаар болсон” гэлээ. Бидний авсан мэдээллээр санхүүжилт нь шийдэгдэхгүй байсаар барилгын ажил хугацаа хоцорч, хүн хүч муутай эхэлсэн гэнэ. Уг барилгыг барихын өмнө Сангийн яамнаас энэ оны төсөвт 1.52 тэрбум төгрөг суулгаж, улмаар БХЯ руу шилжүүлсэн аж. Гэтэл БХЯ шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллахаар болж, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл байгуулснаар тэнд санхүүжилт нь саатаж, барилгын ажлыг гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах зэргээр удааширсан гэдгийг ЗХЖШ-ын эх сурвалж хэлэв. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнхан яаран сандран тусгай зориулалтын барилгын ажлыг хам хум хийсний үр дүн нь ийм байдалд хүрээд байна.
Хэрэв барилга ашиглалтад орсны дараа, тэмцээн уралдаан болж байх үед энэ хэрэг явдал гарсан бол ямар олон хүн амь нас эрүүл мэндээрээ хохирох байсан бол. Түүний хариуцлагыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балдан-Очир хүлээхгүй нь ойлгомжтой шүү дээ. Одоогоос хоёр жилийн өмнө Хан-Уул дүүрэгт 400 сая төгрөгийн хөрөнгөөр 017 дугаар ангийнхны барьж байсан нууц объект шатсан. ЗХЖШ-ын дарга, Барилгын цэргийн 017 дугаар ангийн удирдлага нууцлаад өнгөрч байсан түүхтэй. БХЯ, ЗХЖШ-ын зарим алба хаагчдын дунд “ЗХЖШ-ын даргын найз гэх хурандаа Л.Балдан-Очир тэргүүтэй 017 дугаар ангийн удирдлага хямд үнэтэй, чанаргүй цемент, арматур авч хэрэглэсэн байж магадгүй. Бас аравдугаар сарын 15-наас хойш барилгын цутгалтын ажил хийхийг хориглосон байхад ажилласан нь чанаргүй бүтээгдэхүүн дээр нь нэрмээс болсон байх магадлалтай” гэх яриа байгаа юм.
Бид болсон асуудлын талаар мэргэжлийн хяналтын байгууллагын баттай эх сурвалжаас тодруулахад “Сангийн яамнаас уг барилгын 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөс 1.52 тэрбумыг нь БХЯ руу шилжүүлсэн юм билээ. Уг мөнгийг барилгын гүйцэтгэгч Зэвсэгт хүчний 017 дугаар ангид шилжүүлсэн байгаа юм. Тус ангийнхан ажлаа оройтуулж эхэлсэн. Энэ сард таван давхар барилгын карказыг цутгаж дуусна. Өдөрт 60 хүн ажиллуулна гэж төлөвлөсөн. Гэтэл 30 хүрэхгүй хүн ажиллаж, дөнгөж нэгдүгээр давхраа дуусгаж, хоёрдугаар давхрын карказаа цутгаж эхэлж байтал ийм асуудал болсон. Барилгын цутгамлаас дээж авч шинжилгээнд явуулсан байгаа. Дүгнэлт гарсны дараа зуурмагийн орц хэмжээ нь стандартад нийцсэн эсэх, хэрэглэж буй цемент нь стандартын шаардлага хангасан үгүй нь тодорхой болно. Юутай ч Барилгын цэргийн 017 дугаар ангийнхан технологийн алдаа гаргасан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Тодруулбал, хоёрдугаар давхрын хэсгийг цутгахдаа доор нь тулгуур баганууд босгосон байна лээ. Тэгэхдээ шууд газарт тулгаж орхисон байсан. Уг нь доор нь ивээс хийх зэргээр газарт шигдэж орохгүй байх арга хэмжээ авах ёстой. Өнгөрсөн бямба гаригт цутгалт хийж орхиод, даваа гаригт шинээр өөр хэсэгт цутгалт хийх гэтэл нурсан байна лээ” гэв.
Г.ОРЧЛО Н