- Түүнийг цагдан хорих хугацааг Чингэлтэй дүүргийн шүүх сунгав -
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Чимэдийн Гансүхэд холбогдох хэргийг шүүхээс “Нэмж тодруулах шаардлагатай зүйл байна” гэж үзээд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дахин шалгуулахаар буцаагаад байгаа билээ. Үүний дараа А.Ундрах тэргүүтэй Ч.Гансүхийн өмгөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийлгэж “Үйлчлүүлэгчид маань эрүү шүүлт тулгаж байна. Түүний данснаас 17 тэрбум битгий хэл нэг ч төгрөгийг мөрдөн байцаалтаар олж тогтоогоогүй. Түүнийг хэлмэгдүүлж байна” хэмээсэн. Өмгөөлөгч нарынх нь хэлж буйгаар Ч.Гансүх гэм буруугүй юм бол хуулийн байгууллагынхан яагаад түүнийг өдий хүртэл цагдан хориод байна вэ.
Хүнийг хууль бусаар хоривол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, нөхөн төлбөр төр засгаас олгож, буруутай этгээдээр төлүүлэх хуулийн заалттай. Үнэхээр Ч.Гансүх гэм буруутай нь тогтоогдохгүй бол суллаж, хүн хэлмэгдүүлснийхээ хариуцлагыг төр хүлээх хэрэгтэй шүү дээ. Гэтэл Ч.Гансүхийг цагдан хорих хугацааг Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрсөн долоо хоногт дахин сунгав. Хорьж шалгах зайлшгүй шаардлага мөрдөн байцаагчдад байсан болоод л прокурорын зөвшөөрлөөр шүүгч ийм шийдвэр гаргаж хугацааг нь сунгасан нь ойлгомжтой. Ч.Гансүх нарт холбогдох хэргийн талаар хууль хяналтын байгууллагын баттай эх сурвалжаас зарим мэдээлэл олж авсан юм. Мөрдөн байцаалтын явцад Ч.Гансүх өөрийнхөө нэрээр аль ч банк, санхүүгийн байгууллагад огт данс нээлгэдэггүй, гэр бүл, төрөл төрөгсдийнхөө нэр дээр данс нээж, завшсан их хэмжээний мөнгөө байршуулж байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж. Тухайлбал, төрийн байгууллагад ажилладаг нэг эрэгтэй дүүгийнхээ нэр дээр данс нээж, 20-30 сая төгрөг байршуулсан нь батлагдсан гэнэ.
Мөн Японд амьдарч байгаа эхнэрийнхээ нэр дээр ч данс нээж, их хэмжээний мөнгө шилжүүлж байсан, эхнэр нь уг мөнгөнөөс нь сургуулийн төлбөртөө өгч байсныг шалгалтаар тогтоосон аж. Түүгээр ч зогсохгүй хэрэгт холбогдон шалгуулж эхэлснээс хойш эхнэр Гэрлээгээ “Монголд ирээд хэрэггүй” хэмээсэн сурагтай. Японд байгаа охиноо асрах нэрээр явсан тэрбээр өнөөг хүртэл эх орондоо эргэж ирэхгүй байгаа гэдгийг хууль хяналтын байгууллагын эх сурвалж мэдээлэв. Уг хэрэгт Ч.Гансүхийн өмнөх болон сүүлд суусан эхнэрээс нь гарсан хоёр ижил нэртэй хүүгийнх нь нэр холбогдоод байгаа билээ. Өмнөх эхнэрээс нь төрсөн хүү Г.Ганзул нь өдгөө “Бест-Анзу” гэх компани байгуулан ажилладаг гэнэ. Уг компани нь “Экстра Орос” бөөний худалдааны төв, Wholesale center, Food wholesale center гэх компаниудыг ажиллуулдаг юм байна. Хууль хяналтын байгууллагынхан Ч.Гансүхийг хүү Г.Ганзулынх нь хамт саатуулан шалгах үед хэвлэлээр тэднийг 17 тэрбум төгрөг угаасан гэсэн мэдээлэл анх тарсан. Гэвч шалгалтын явцад уг 17 тэрбум төгрөг нь зөвхөн “Бест-Анзу” компанийнх нь санхүүгээр нэг жилийн дотор орж гарсан орлогын хэмжээ байсан аж.
Шалгалтын явцад уг 17 тэрбумын хэчнээн нь Ч.Гансүхийн оруулсан “орлого” буюу угаасан мөнгө болохыг тогтоох нарийвчилсан шалгалт хийх шаардлагатай болоод буй аж. Тиймээс “Ч.Гансүхийн хэргийг хүү Г.Ганзулынх нь хэргээс тусгаарласан нь буруу. “Бест-Анзу” компанийн орлого, зарлагыг нарийвчлан шалга. Мөнгө угаасан үйлдэлд хэрхэн оролцсоныг нарийвчлан тогтоо” гэсэн шийдвэрийг анхан шатны шүүх гаргаж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад буй аж. Татварын ерөнхий газрын эх сурвалж “Ч.Гансүх аж ахуйн нэгжүүдийг гэнэт шалгаж, их хэмжээний торгууль ногдуулах замаар дарамталж, хахууль авдаг байж болзошгүй. Түүнд мөнгө төлөхөөс татгалзсан компанийг элдвээр дарамталдаг байсан” гэж Ч.Гансүхийг шалгагдаж эхлэхэд ярьж байсан юм. Шалгалтын явцад хэд хэдэн компаниас хүүхдүүд, дүү нар, аавынх нь нэр дээрх данс руу хэдэн саяар тоологдох хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хийгдсэн байсан нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлсэн юм. Түүгээр ч зогсохгүй хоёр дахь эхнэрээс нь төрсөн, АНУ-д сурдаг Г.Ганзулынх нь данс руу ч сэжигтэй гүйлгээ хийгдсэн нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон аж.
Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ZTE гэх компаниас хахууль авсан гэх үйлдлийг нь уг хэрэгт нэгтгэн шалгаж байгаа гэнэ. Мөрдөн байцаалтын хэргийн материал өдгөө 60 гаруй хавтас болжээ. Энэ олон хавтаст хэргийн дийлэнх нь сэжигтэй гүйлгээг шалгасан санхүүгийн баримтууд аж.
Г.РАВЖАА