Долоон жилийн өмнө болсон хэргийн хохирогч шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн цагдан хорьж байсан юм. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, шүүгдэгчийн хүсэлтээр хаалттай болов. Таван цаг гаруй хуралдсаны эцэст шүүгчид “Шүүх эмнэлгийн дүгнэлт эргэлзээтэй” хэмээн үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, түүнийг батлан даалтад гаргав.
Түүний өмгөөлөгч Н.Сосорбарам “Шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй хэмээн үзэж байна. Угаасаа нэргүй мэдээллийн дагуу шалгаж байгаа шүү дээ. П.Өлзийсайханд өш санасан нэгэн “хүнтэй зодолдсон, хахууль авсан” зэрэг таван үндэслэлээр хуурамч мэдээлэл бичиж өгсөн байсан. Үүний дөрөв нь мөрдөн байцаалтын явцад үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Харин 2007 оны долдугаар сард цагдаагийн ажилтан Н.Мөнгөнхундагийг зодсон гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа. Харин Н.Мөнгөнхундага гомдолгүй гэдгээ мэдэгдсэн” гэв.
Д.Батсүрэн