-Зорчиж явсан нисдэг тэрэг нь уначихаад байхад АПУ компанийн дэд захирал Л.Батжав тэргүүтэй хүмүүс загас бариад сууж байж
Төв аймгийн Мөнгөнморьт сумын чиглэлд нисэж явсан “А- Жет лимитед” компанийн “МИ-8” нисдэг тэрэг өнгөрсөн баасан гаригийн 12.30 цагийн үед тус сумын Цахар, Минжийн голын уулзварт байх Ширээт гэдэг газарт унасан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Ширээт гэдэг нь энэ газрын уугуул нэр биш, машин, морьтой хүн хүрэх аргагүй энд зөвхөн нисдэг тэргээр л очдог аж.
Хөрөнгө бэлтэй бизнесийнхэн, улстөрчид, цэргийнхэн энд амарч, загасчилдаг гэнэ. Энд байнга очдог хүмүүс хоёр ч модон ширээ хийж тавьснаар ийн нэрлэх болсон аж. Дээрх ослын талаар бид холбогдох эх сурвалжуудаас зарим нэг мэдээлэл авлаа. Тэдний мэдээлснээр осолдсон нисдэг тэргээр АПУ компанийн дэд захирал Л.Батжав нарын долоон том хүн, нэг хүүхэд зорчиж явсан байна.
Нисдэг тэрэг осолдох үеэр азаар нэг нь ч бэртэж гэмтээгүйгээр барахгүй ИНЕГ, аврагч, шалгалтын хүмүүсийг очиход юу ч болоогүй аятай загасчилсан шигээ суусан гэнэ. “ЕС- 15” загварын нисдэг тэргээр ослын газарт очсон мэргэжилтнүүд зорчигчдыг нийслэлд авчрах байсан ч тэд гэмтээгүй гээд загасчилахаар үлдсэн аж. Тиймээс унасан нисдэг тэрэгний багийн гурван гишүүнийг мөн өдрийн 20.00 цагийн үед нийслэлд авчирчээ. Тэднийг цагдаагийнхан түр саатуулаад байгаа юм байна. Мөнгөнморьтод нисдэг тэрэг унасан тухай мэдээлэл 14.00 цагийн үед тодорхой болсон юм. Гэсэн ч 18.00 цагийн үед энэ тухай цагдаагийнханд ямар нэг мэдээлэл ирээгүй байлаа. ИНЕГ-ынхан, “А- Жет лимитед” компанийнхан ослын талаар цагдаа, хууль хяналтын байгууллагынханд мэдэгдэлгүй, хэргийн газар руу явсан нь хачирхалтай. Бүхэл бүтэн нисдэг тэрэг унагачихаад байхад нуугаад өнгөрөөнө гэж бодсон баймааргүй юм. Хууль хяналтынхныг очихоос өмнө хэргийн газрын ул мөрийг баллах гэсэн юм биш биз.
Бидэнд олдсон мэдээллээр нисгэгчид “Буух гэж байгаад салхинд цохиулан 15 метрийн өндрөөс унасан” гэж мэдүүлсэн байна. Тэгвэл хэргийн газарт очсон зарим хүний өгүүлснээр нисдэг тэрэг газардах гэж байхдаа хойд талын сэнсээрээ газар шүргэснээс унасан гэх урьдчилсан дүгнэлт хийж болохоор байгаа гэнэ. Ослын улмаас “МИ-8”-ын их биеийн 70-80 хувь нь эвдэрч, дахин ашиглахааргүй болжээ. Унасан нисдэг тэрэгний багийн дарга шинэ, туршлага багатай нэгэн байсан гэх мэдээлэл ч байна. Цахар, Минжийн гол нь хилийн хориотой хэсэгт багтдаг бололтой юм. Загасчилахаар нисдэг тэрэг хөлсөлсөн хүмүүс хилийн хориотой зурваст нэвтрэх зөвшөөрөлтэй байсан, эсэх нь тодорхойгүй. Дашрамд дурдахад, нисдэг тэрэгний нэг цагийн хөлс 5-6 сая төгрөг байдаг аж.
Д.ДАГВА