Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хилээр гарч, БНХАУ руу зугтсан тухай мэдээлэл зарим цахим хуудаст гарчээ. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан Монгол Улсын Засгийн газарт орох ёстой хөрөнгөөс завшиж байсан хэрэгт холбогдсон түүнийг УМБГ-аас харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд буй юм. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын төрийн өмчит “ПетроЧайна дачин Тамсаг” компанийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний Монголын талд орох 24 хувийн орлогоос нэг хувийг нь хумсалж, Хонконгийн HSBC банкаар дамжуулан “Sunwang” гэх компанийн данс руу шилжүүлж, улмаар Монголын арилжааны нэгэн банкин дахь хувийнхаа данс руу шилжүүлж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд тогтоосон.
Д.Амарсайханы холбогдсон асуудал эцэстээ хэрэг биш болж, сэжигтнийг цагдан хориогүй, улмаар хил давсан гэх мэдээллийн дагуу бид холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас тодруулсан юм. “Түүнийг цагдан хориогүй, хорьж мөрдөх шаардлагагүй гэж үзсэн. Мөрдөн байцаалт хэвийн үргэлжилж байгаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсан. Хилээр гарч зугтсан гэх мэдээлэл ташаа” гэж прокурорын байгууллагын ажилтан хэлэв.
Хил хамгаалах ерөнхий газраас түүнийг хилээр нэвтэрсэн эсэхийг лавлахад “Одоогоор Дашзэвэгийн Амарсайхан гэдэг хүнийг хилээр гарахыг хориглоогүй. Тэрбээр БНСУ руу энэ оны есдүгээр сарын 30-нд яваад аравдугаар сарын 4-нд буцаж ирснээс өөрөөр хилээр гарсан тэмдэглэл алга” гэв.