Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг түдгэлзүүлэхээр болсон талаар НПГ-ын эх сурвалж мэдээллээ. Учир нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тул мөрдөгчдөд хийх ажил байхгүй гэнэ. Д.Сугараас тайлбар, мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гарах зэрэг ажил л үлдсэн, нотлох баримт хангалттай байгаа талаар эх сурвалж өгүүлэв.
Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа МИАТ-ын гэх хэрэгт холбогдож, мөнгө угаасан хэмээн ял шийтгүүлээд байгаа Ч.Хоролсүрэнд төрийн өмчийн хэд хэдэн объект, компанийг хууль зөрчин хувьчилсан байна. Тухайлбал, “Аэрогеодези” төрийн өмчит компанийг 2008 онд хувьчлахдаа Ч.Хоролсүрэнд хууль бусаар өгсөн байх магадлалтай гэнэ. Мөн ИНЕГ-ын харьяанд байсан Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг Ч.Хоролсүрэнгийн компанид бас л хуудуутай хувьчилсан баримт олдсон аж.
Өдгөө тэнд “Хүннү эйрлайнс” компани агуулахын зориулалттай барилга барьжээ. МИАТ-ын гэх хэргийг шалгах үед тус агуулахыг хууль хяналтын байгууллагынхан битүүмжилсэн бөгөөд шүүхээс улсын орлого болгох шийдвэр гаргасан юм. Энэ мэтээр Д.Сугарын гэм буруутай байж болзошгүй үйлдлүүд ар араасаа тодорхой болсон ч бүрэн эрхээс нь болоод шалгаж чадахгүй, Цэц ч хамгаалсаар байгаа учраас түдгэлзүүлэхээр болсон юм байна.
Г.РАВЖАА