Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэллээ. Тэрбээр тус дүүргийн ИТХ-ын дарга болмогцоо өөрийн албан өрөө болох гурван өрөөнд засвар хийлгэсэн байдаг.
Уг ажлаа дуусгачихаад долдугаар сарын 15-нд дүүргийнхээ Худалдан авах ажиллагааны газарт өрөөний засвар хийх төслийг дахин хүргүүлж, “Дүмбэрэлхайрхан” гэх компаниар засвар хийлгэхээр болсон юм. Гэвч долдугаар сараас хойш өрөөний тохижилтийн ажил хийгээгүй, тавдугаар сард хийж дууссан нь түүнийг буруутгах үндэслэл болоод буй аж.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар НПГ-аас тус дүүргийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Б.Батхуягт албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь Д.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэсэн тогтоолыг хяналтын прокурор Р.Очирсүрэн гаргаж байсан юм.
Г.РАВЖАА