Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зодолдож нэгнийгээ хүнд гэмтээсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Энэ зодоон юунаас үүдэв, хэн гэдэг ажилтнууд нь оролцсон талаар бид эргэн сурвалжилсан юм.
Дарга, цэргийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй зодоон
Өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын Тусгай хэлтсийн дарга, дэд хурандаа Алтанбагана ажилтнуудаа цуглуулан үүрэг өгчээ. Гэтэл хохирогч О хоцорч ирсэн гэнэ. Үүнд нь хэлтсийн дарга залуу багагүй дургүйцсэн аж. Хэлтсийн даргынх нь тушаал О-гийн дургүйг хүргэж, уурандаа шатсан тэрбээр даргыгаа цохихоор дайрсан бололтой. Дарга нь ч мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь дайрч, энэ үед хамт байсан ажилтнууд нь даргыгаа авч гарсан байна. Харин тус хэлтсийн хоёр дэд дарга Батцагаан, Энхцог нар О-г хориглон барьж, унагаасан гэнэ. Ингэхдээ толгойгоор нь мөргүүлснээс гэмтэл авсан талаар эх сурвалж мэдээлэв.
Харин өөр нэг эх сурвалж “Нэг их сүртэй юм болоогүй. Захирах, захирагдах ёсны зарчим алдагдсан, байгууллагын ажилтнуудын үл ялих атаа жөтөөнөөс болж ийм асуудал үүссэн. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхнөөс өнөөдөржин л энэ талаар мэдээлэл өгөөч гэж хэвлэлийнхэн ирсэн байна. Дарга, цэргийн хооронд зөрчил байсан нь сэдэрсэн бололтой. Зодуулсан гэх ахмад цолтой залуу сүртэй гэмтэл аваагүй, зодсон гэх дэд дарга нар ч сүйдтэй цохиж зодоогүй шиг байгаа юм. О-гийн нүүр ам хөхөрсөн нь энэ зодоон болохын өмнөх өдөр албаны бэлтгэл хийж байхдаа ийм болсон гэж тус хэлтсийн ажилтнууд тайлбарласан. Дарга руугаа дайраад байхаар нь дэд дарга нар нь татаж унагаснаас толгойдоо бага зэргийн гэмтэл авсан талаар дээд удирдлагад танилцуулсан. Тусгай хэлтсийн дарга, дэд хурандаа Алтанбагана өчигд өр гадагшаа явчихсан байна лээ” гэв.
ЦЕГ дахь халаа сэлгээ Тусгайгийнхныг ч тойроогүй
ЦЕГ-ын Тусгай хэлтсийн даргаар томилогдсон дэд хурандаа Алтанбагана нь саяхан ахлах дэслэгч цолтой байсан нэгэн бөгөөд богино хугацаанд хэд хэдэн цол алгасан ахлах офицер болсон нь хохирогч О-гийн дургүйг хүргэсэн байх магадлалтай гэв. Учир нь Алтанбагана нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хүн гэх. Сайдын хүн болохоороо ажилтнуудтайгаа зүй бусаар харилцахдаа ч айдаггүй гэж зарим ажилтан нь хэлэх юм билээ. Тиймээс Тусгай хэлтсийн цөөнгүй алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөж, тэдний оронд олон залуу авсан гэх хүн ч байна.
Болсон асуудлын талаар ЦЕГ-ын Тусгай хэлтсийн дарга Алтанбаганаас уржигдар тодруулахад “Тийм зүйл болоогүй” гэж байсан бол баттай эх сурвалжууд энэ асуудал болох үед Алтанбагана дарга байсан, түүгээр зогсохгүй хохирогч О-той маргалдсан гэдгийг баталж байна.
Хохирогчийг гэмтээсэн хэрэгт холбогдоод буй ЦЕГ-ын Тусгай хэлтсийн дэд дарга Батцагаанаас болсон явдлын талаар тодруулахад “Ийм асуудал уг нь болоогүй шүү дээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан учрыг нь олоод өгөх байлгүй дээ” гэлээ.
Г.РАВЖАА