Иргэдээс ирсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Ажлын хэсэг байгуулж, хууль зөрчиж олгосон газруудын судалгаа хийжээ. Судалгаагаар дүүргийн хэмжээнд нийслэлийн Засаг даргын захирамжтай ч хууль зөрчин олгосон 27 газар байгаа бөгөөд эдгээрийг 2012 оноос өмнө эзэмшүүлсэн гэнэ. Ажлын хэсгийнхэн өчигдрөөс дээрх газруудад шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоож эхэлсэн байна.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхээс тодруулахад “Бид өнөөдөр дүүргийн 18 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд хууль бусаар газар эзэмшсэн гурван иргэний газрыг чөлөөллөө. Эдгээр газарт үйлчилгээний зориулалтаар барилга барих гэж байсан юм. Тодруулбал, явган хүний гарц бүхий автозамын уулзварт барилгынхаа суурийг тулгаж тавьсан иргэний барилгын ажлыг түр зогсоолоо. Мөн барилгын ажлаа эхлүүлэхээр газар ухсан байсныг булж, хашааг нь буулгасан. Энэ газар нь НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярынх. “Барилгын ажлаа эхэлж болохгүй, захирамж үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэсний дараа ажлаа эхлээрэй” гэж өчигдөр сануулаад явтал өнөөдөр газар ухсан байна. Нөгөө нэг нь барилгын ажлаа хараахан эхлээгүй байна.
Энэ үеэр хууль бусаар газар эзэмшиж байгаа иргэд “Даяар Монгол” хөдөлгөөнийхнийг дуудаж, тэд төрийн албан хаагчдыг дарамталж, заналхийлсэн. Цагдаагийнхан ирж байж асуудлыг шийдсэн. Дээд албан тушаалтны гаргасан шийдвэрийг доод байгууллага нь хүчингүй болгох үндэслэлгүй тул бид цаашид НИТХ, нийслэлийн Засаг даргад уламжилж, хууль бусаар газар олгосон шийдвэрийг хүчингүй болгоно” гэв.