БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Туул ривер контрисайд” компанийг Туулын эх Гачуурт орчмын байгаль орчныг сүйтгэж, 750 сая төгрөгийн хохирол учруулсныг БОАЖЯ-ны Ажлын хэсгийнхэн 2009 онд тогтоож байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулах нь байтугай нөхөн сэргээлт ч хийсэнгүй. Харин ч үүн дээрээ нэмж Сонгинохайрханы өвөр дэх Туул голын эрэг дагуух 119 га газрын бургасыг устган, Хатан Туулын эргийг ухаж сэндийчэн экологи, эдийн засагт хэдэн тэрбумаар ч үнэлэгдэхээргүй хохирол нэмж учруулчихаад байхад хариуцлага тооцох нь байтугай анхаарал хандуулах ч хүнгүй болжээ.
Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны нэхэмжлэлтэй маргааныг Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээр хэдхэн хоногийн өмнө хэлэлцээд анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргажээ. Уг нь энэ компанид холбогдох хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 99 тоот, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 189 тоот магадлал зэрэг шат шатны шүүхээр хэлэлцээд Нийслэлийн Засаг даргын 2010 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 204 тоот захирамжаар “Туул ривер контрисайд” компанид газар олгосныг хүчингүй болгох шийдвэр гаргаад байсан юм.
Гэтэл Дээд шүүхийн шүүгчид анхан шатны шүүхэд гарч ирээгүй баримтыг дахин нягтлуулахаар буцаасан нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн тус холбооны хуульчид үзэж байна. Учир нь, Дээд шүүхийн шүүгчид Сонгинохайрхан дахь гольфийн талбайд нь очиж тоглосон, компанийн удирдлагууд нь “Манайх Дээд шүүх дээр ялна” хэмээн урьдчилан ярьж явсан гэх иргэдийн мэдээлэл байдаг нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөх эргэлзээ төрүүлж буй бололтой.
Д.Эрдэнэ