Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх чухал асуудлын нэг нь кибер аюулгүй байдал. Техник технологи хөгжихийн хэрээр улс орнуудын хоорондох кибер дайн өргөжиж, энэ чиглэлийн тагнуулч, мэргэжилтнүүдийг тусгайлан бэлтгэх болсон.
Өнгөрсөн зургадугаар сард “Касперскийн лаборатори”-ийн судлаачид сүлжээний довтолгоонд хамгийн их өртдөг орноор Монголыг нэрлэж, аюулын харанга аль хэдийнэ дэлдсэнийг анхааруулсан. Манайд улсынхаа аюулгүй байдлыг хамгаалах чадварлаг мэргэжилтэн, хууль эрх зүйн орчин аль аль нь хомсоос өдөр бүр олон мянган дайралтад өртдөг ч мэдэлгүй өнгөрч, санаа амар сууна.
“Threatconnect” хэмээх кибер халдлагын эсрэг хамгаалалт, судалгааны багийнхан “Хятадууд Монголыг тагнаж байна” хэмээн мэдээлж, баримтыг дэлгэжээ. Түүнийг гаднын цахим хуудсууд шүүрэн нийтэлж, Монголтой дотно харилцаа холбоотой орнуудын мэдээлэл давхар алдагдаж буйд санаа зовж буйгаа илэрхийлэв.
Манай гуравдагч хөршүүд буюу Европын холбооны улсууд, АНУ, БНСУ, Японтой хийсэн эдийн засаг, цэрэг, гадаад харилцааны гэрээ хэлэлцээрийн мэдээллийг хятад хакерууд хулгайлсан гэж уг мэдээлэлд дурдсан байна. Тухайлбал, “Хааны эрэлд-2014” хэмээх Монгол, Америкийн цэргийн хамтарсан сургуулилалт, Вьетнамын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газраас БНСВУ-д суугаа манай Элчин сайдын яаманд хүргүүлсэн мэдэгдэл, өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай мэдээлэл энд багтжээ.
Хакерууд Microsoft Word программын сул талыг ашиглан мэдээллийг авсан бөгөөд кибер дайралт хийсэн удирдлагын компьютерийн байршил нь Хонконг. Халдагчид “Research on P2P File Sharing Anti-Pollution Strategy” нэртэй аргыг хэрэглэсэн, үүнийг БНХАУ-ын Далианы их сургуулийн Цахим мэдээллийн инженерийн факультетийн докторант бүсгүй Юн Ян 2008 онд зохиосон, БНХАУ-ын алдартай хакерийн бүлэг APT1, “Comment crew” хамтран халдлага хийсэн байх магадлалтай гэж “Threatconnect”-ийнхэн үзжээ.
Б.ДӨЛГӨӨН