Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангийн ахлах ахлагч Ү.Раднаасамбуу өнгөрсөн даваа гаригт хилийн манаанд гарч байгаад морь нь бусгаснаас унаж тархиндаа хүнд гэмтэл авчээ. Түүнтэй хамт хилийн манаанд гарч байсан алба хаагчид яаралтай застав, отряддаа мэдэгдсэн байна. 0165 дугаар ангийн удирдлага ХХЕГ-т болсон явдлын талаар мэдэгдсэнээр тус газраас шуурхай арга хэмжээ авч мягмар гаригийн шөнө Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн (БХХСАХНЭ) мэс заслын эмч Т.Сүхбаатар, Д.Нямдорж нар нисдэг тэргээр Баян-Өлгий аймгийг зорьжээ. Тэд 01.00 цагийн үед тус аймагт очиж, 02.00-05.00 цагийн хооронд Ү.Раднаасамбууд мэс засал хийснээр амийг нь аварч чадсан байна. Өдгөө ахлах ахлагч Ү.Раднаасамбуугийн бие харьцангуй сайжирч байгаа гэж БХХСАХНЭ-ийн эх сурвалж мэдээллээ.