Орхон аймаг байгуулагдсаны 35 жилийн ойг 2011 онд тэмдэглэж, ойн хүрээнд тус аймагт бүтээн байгуулалтын хэд хэдэн ажил хийсний нэг нь Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт 21 метр өндөр Бурхан багшийн сэрэг дүр бүтээх байв. 2008 онд шавыг нь тавьж, барьж эхэлсэн энэ ажлын нийт өртөг нь 4-5 тэрбум төгрөг гэж тооцоолжээ.
Анх иргэд, компаниудын хандиваар босгохоор төлөвлөсөн ч гол хандивлагч нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байв. Тус үйлдвэрийн эх сурвалж “Үйлдвэрийн удирдлагын зөвлөлийн хурлаар 2.5 сая доллар буюу 2.8 тэрбум төгрөг баталж, уг сэрэг дүрийг зэсээр цутгахаар болсон. Энэ бүтээн байгуулалтад аймгийн төсвөөс жил бүр 200 гаруй сая төгрөг хуваарилж ирсэн ч анх тооцоолсноос илүү зардал гарах болсон. Тиймээс 2012 онд дахиад 250 сая төгрөгийг төсөвлөн зарцуулсан” гэж мэдээлж байв. Гэвч энэ төсөлд зарцуулах ёстой хөрөнгийг үр ашиггүй, хууль бусаар цацаж байсан нь шалгалтаар тогтоогджээ.
Тус аймгийн Аудитын газраас “Бурхан багшийн сэрэг дүр “Эрдэнэт” цогцолбор” буюу түүний ашиглалтын өмнөх захиргааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Шалгалтаар 4.2 тэрбум төгрөгийг ямар ч хяналтгүй зарцуулсныг тогтоожээ. Улмаар улс, орон нутгийн болон гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хянах, цогцолборт зарцуулахаар авсан ном судар, арцыг ашиглаж болох эсэхийг тодорхойлох, зарж борлуулах, дутуу ажлыг гүйцэтгэгч байгууллагаар үргэлжлүүлэн хийлгэх, гүйцэтгэгч “Хуанлу Хуантун” болон “Дархан строй” компаниас урьдчилгаа болгож авсан мөнгийг барагдуулах шаардлагыг Ашиглалтын өмнөх захиргаанд өгсөн аж. Түүнээс гадна нэг байгууллагад 15.1 сая төгрөг шилжүүлэх ёстой атал дөрвөн сая төгрөг илүү шилжүүлснийг тогтоосон аж. Энэ мэтээр иргэд, байгууллагын хандивын хөрөнгийг хяналтгүй, үр ашиггүй зарцуулсан, ямар ч төлөвлөгөөгүйгээр их хэмжээний арц хүж, ном худалдан авч “шахааны бизнес” хийсэн нь тодорхой болсон гэнэ.
Бидэнд олдсон мэдээллээр сэрэг дүрийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Хуанлу Хуантун” гэх компани ажлаа эхлээгүй байхдаа урьдчилгаа болгож 100 сая төгрөг аваад “луу унжих” шахсан тухай баримт ч байдаг юм байна. Энэ мэтээр хяналтгүйгээр хандивын хөрөнгийг зарцуулж байсан үйлдэлд Орхон аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Ашиглалтын өмнөх захиргааны удирдах албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж буй гэнэ. Энэ тухай Орхон аймгийн Прокурорын газраас “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборт зориулсан 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг төсөв төлөвлөгөөгүйгээр зарцуулсан, хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авч мөнгөний эргэлтийг саатуулсан үндэслэлээр энэ оны долдугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулсан.
Мөрдөн байцаалтын явцад Улсын төсвийн хөрөнгө болон “Эрдэнэт” үйлдвэр”, иргэд, олон нийтийн хандивын хөрөнгөөр барьсан “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын бүтээн байгуулалтад шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн худалдан авах, ашиглах замаар төсвийн санхүүжилтээр олгосон хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байна. Тиймээс үргэлжлүүлэн шалгуулахаар хэргийг харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэх саналаа Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлээд байгаа. Барилгын захиалагч, гүйцэтгэгч нартай холбогдуулан шалгах хэд хэдэн үндэслэл бий” гэв.
Г.ЦОЛМОН