Монгол орны түүх соёлын арвин баялагт гадаад, дотоодынхон нүд унагаж, өөрийн болгох гэсэн оролдлого янз бүрээр хийдэг. Үндэснийхээ баялгийг цуглуулж, судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд маань хүртэл түүнийгээ устгаж үгүй хийх ажилд оролцож байсан харамсалтай баримт бий. Тэдний нэг нь Архивын ерөнхий газрын даргаар томилогдоод удаагүй байгаа И.Саруул. Музейн үзмэрийн тооллого бүртгэл улсын хэмжээнд явагдаж буй энэ үед нэгэн ноцтой баримт бидэнд олдсон юм. Тэрбээр 2005 онд МУИС-ийн багшаар ажиллаж байхдаа Хэнтий аймгийн музейн үзмэр, сан хөмрөгт хадгалагдаж байсан хүрэл зэвсгийн үед хамаарах есөн ширхэг хүрэл хутгыг авч яваад сураггүй болгожээ. Тухайн үед тус музейн даргаар Энхжаргал гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд түүний зөвшөөрлөөр үзмэр авч явсан тухай баримт нь Хэнтий аймгийн музейд байгаа аж.
Хэнтий аймгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалж “2005 оны наймдугаар сарын 20-нд музейн захирал Энхжаргалаас МУИС-ийн багш, Улаанбаатар хотын харьяат И.Саруул гэдэг хүн Хүрэл зэвсгийн үеийн дурсгалд тооцогдох есөн ширхэг хутгыг судалгаа шинжилгээнд ашиглаад өгье гээд авч явсан. Гэвч тэрбээр уг үзмэрүүдийг үрэгдүүлээд 2007 онд есөн ширхэг дуураймал хутга музейд өгсөн байна. Дуураймал хутга гэдгийг нь мэдээд музейн сан хөмр өгт авахгүй байсан ч ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс танил талаараа ч юм уу ямар нэг байдлаар 2009 оны зургадугаар сарын 10-нд “Хүрэл зэвсгийн үеийн дурсгал мөн” гэсэн тодорхойлолт гаргуулсныг үндэслэн 2010 онд үзмэрийн сан хөмрөгт бүртгэж авсан байна лээ” гэж мэдээлэв. Алга болсон хүрэл зэвсгийн үеийн хутгануудыг Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэн Цэдэндаш 1960 онд олж авчирч өгсөн бөгөөд тэр үед нь аймгийн музейнхэн зургийг нь авч баримтжуулан үзмэр болгож дэлгэсэн байжээ.
Хэнтий аймгийн музейн захирлаар ажиллаж байсан Энхжаргал 2007 онд цагдаагийн байгууллагад хандан “И.Саруул аймгийн музейн сан хөмрөгийн үзмэрийг судалгаа шинжилгээнд ашиглаад өгье гэж хэлээд авч явсан ч одоо болтол өгөхгүй байна” гэж гомдол гаргасан юм байна. Үүний дагуу тус аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж. Улмаар үзмэрээ ч олж авч чадалгүй, дуураймал хүрэл зэвсэгтэй болж хоцорчээ. Үндэснийхээ бичиг соёлын нандин өвийг хадгалдаг Архивын ерөнхий газрын даргаар үзмэр зувчуулсан хүнийг томилчихсон нь чононд хонь хадгалуулахын үлгэр болох юм биш биз. Энэ талаар Архивын ерөнхий газрын дарга доктор, профессор И.Саруулаас тодруулахаар тус газарт очсон боловч “Дарга эзгүй, БНСУ руу ажлаар явсан” гэж туслах, харуул хамгаалалтын ажилтнууд нь хэллээ. Бид холбогдох тодруулгыг авч нийтлэх болно.
Анх авч явсан есөн ширхэг хутга
Орлуулсан хутганууд