Хоёр ихрийн ээж Р.Насанжаргалын гомдлын дагуу 79 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Ц.Тунгалагтуяатай холбогдлоо.
-Өнөөдөр (өчигдөр) хоёр ихэр сургуульдаа очив уу. Байдал ямархуу байна вэ?
-Хичээл нь 13.30 цагт ордог, жаахан хоцорч ирсэн. Ангид нь оруулаад, хүүхдүүдэд шоолж, ичээж болохгүй гэдгийг ойлгуулсан. Тэр хоёрт ч хичээлдээ яв, одоо зүгээр гэж хэлсэн. За багшаа гээд инээгээд орсон.
-Ангийн хуримтлал, Сургууль хөгжүүлэх сангийн мөнгө нэхсэнийг юу гэх вэ? Боловсролын тухай хуульд арван жилийн сурагчдаас ямар нэг хэмжээгээр мөнгө авахыг хориглосон шүү дээ.
-Манайх мөнгө төгрөг татаагүй. Сургуулийнхаа дотоод журмаар үүнийг шийдээд зохицуулчихсан. Та нар манай сургууль дээр ирээд харж болно шүү дээ.
-Б.Бадамжүгдэр багш хоёр ихрээр дамжуулан Сургууль хөгжүүлэх сангийн зургаан мянга, ангийн хуримтлалын 10 мянган төгрөгөө өгнө үү гэсэн бичиг явуулсан байсныг ээж нь надад үзүүлсэн шүү дээ.
-Сургууль хөгжүүлэх санд “сурагч хүний нэмэр” гээд сурагч тус бүрээс гурван мянган төгрөг аваад дууссан. Ангийн хуримтлалыг эцэг, эхчүүд өөрсдөө сургууль анги, танхимаа тохижуулах гэж цуглуулсан байх.
-Сурагчдаа гар хүрсэн багшид ямар хариуцлага хүлээлгэх вэ? Сургуулийн захиралд нь өргөдөл өгсөн гэсэн.
-Эхний удаа багш нарын хурлаар авч хэлэлцэж байна. Р.Насанжаргалд хэлсэн, хүүхдүүддээ давтлага авахуулах эсэхийг нь ч асуусан. Муу хүүхэд гэж байхгүй. Хичээвэл тэр хоёр ч сурлагадаа удахгүй сайжирна. Захиралд өргөдөл өгснийг нь мэдээгүй. Өгсөн бол над дээр ирэх ёстой.