Баянзүрх дүүргийн 79 дүгээр дунд сургуулийн 5а ангийн ихэр сурагчийн ээж Р.Насанжаргал бидэнд хандлаа. Ихэр хүүхдийнх нь ангийн багш Б.Бадамжүгдэр сурагчтайгаа зүй бусаар харилцаж, сургуулиас нь хүртэл хөөсөн гэх гомдлын дагуу түүнээс зарим зүйлийг тодруулав.
-Болсон явдлыг тодорхой яриач. Яагаад хоёр хүүхдийг чинь сургуулиас нь хөөх болов?
-Би 3-21 насны зургаан өнчин хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Энэ хэдийгээ хүний дор оруулчихгүй юмсан гээд хуруу хумсаа малтаж явна. Өглөө гэрээсээ гараад албан байгууллагын талбай цэвэрлэж, өдөр нь хувийн сургуульд цагаар хичээл заана, үдэш нь цайны газарт бэлтгэл тогооч хийдэг учраас багштай нь тэр бүр уулзаж амждаггүй. Эцэг, эхийн хуралд манай хоёр охин таслахгүй очиж суудаг. Хоёр том охин маань оюутан. Том нь энэ жил, бага нь дараа жил сургуулиа төгсөнө. Тавдугаар ангид сурдаг хоёр ихэр хүүгийн маань анги удирдсан багш Б.Бадамжүгдэр энэ сарын 1-нд над руу утасдаж, хүүхдүүдээ улираа, мөнгө төгрөгөө ч өгдөггүй гэж ярьсан. Ярихаасаа өмнө хоёр хүүгээр надад бичиг явуулсан байсан. Саван, угаалгын нунтаг, ариун цэврийн цаасны мөнгө, ангийн хуримтлалын 10, Сургууль хөгжүүлэх сангийн зургаан мянган төгрөг өгнө үү гэсэн байсан. Тэгэхээр нь багш руу нь залгатал утсаа аваагүй. Залгадаг өдөр нь би “Саван, ариун цэврийн цаасны мөнгийг нь өгсөн шүү дээ. БШУЯ, ШӨХТГ-аас тодруулж байж тэр мөнгийг нь өгнө” гэсний төлөө миний хоёр хүүхдийг өнгөрсөн мягмар, лхагва, гаригт ангиасаа хөөсөн байна. Ер нь сургуулиас нь нэхсэн мөнгө төгрөгийг хугацаанд нь биш юм гэхэд заавал өгдөг. Өмнө нь ч бас хүүхдүүдийг минь сэтгэлийн дарамтад оруулж, элдвээр хэлж зодож байсныг харж байсан тул сургуулийнх нь нийгмийн ажилтанд тэр даруй мэдэгдсэн. Энэ удаа ч ялгаагүй анги хамт олных нь дунд нэр төрийг нь гутаан, элдвээр хараан загнаж, ангиасаа хөөсөн байгаа юм. Сэтгэл санааны дарамтад орсон хоёр нялх амьтан айж ичсэндээ янз бүрийн асуудалд өртвөл хариуцлагыг нь хэн хүлээх вэ.
-Сургуулийнх нь удирдлагууд юу гэж байх юм. Мөнгө төгрөгөө өгсөнгүй гээд сурагчаа сургуулиас нь хөөх үндэслэл тэр багшид байхгүй шүү дээ.
-Манай хоёр сурлагадаа тааруу нь үнэн. Гэхдээ мэрийлттэй. Ангид нь манай хоёртой нийлээд таван сурагч хичээлийн хоцрогдолтой, тааруухан сурдаг гэсэн. Гэлээ гээд өөрийнхөө хувийн сургуулиасаа хөөж байгаа аятай аашилсанд эгч нь гомдолтой байна. Сургуулийнх нь захиралд өргөдөл өгсөн. Боловсролын тухай болон Хүүхдийн эрхийг хамгаалах хууль зөрчсөнийг багшид ойлгуулж өгөхийг хүссэн. Захирал нь байхгүй байсан тул аргаа бараад “Хүүхдийн төлөө за гэж хэлье” төвд хандан хуулийн зөвлөгөө авлаа. Хуулийн зөвлөх нь Б.Бадамжүгдэр багштай ярьж, таны энэ үйлдэл хууль бус гэдгийг хэлсэн ч ухаараагүй бололтой. Ангийн хүүхдүүд нь хүртэл “Та хоёр мөнгөө өгсөн үү, багшид алуулна даа. Одоо бушуухан яв” гэж хоёр хүүхдэд минь хэлсэн байсан. Багшийн зан авир хүүхдүүдэд нь ингэж тусч байна. Тааруухан сурлагатай байж болох ч улираана, сэтгэцийн өвчтэй хүүхдүүдийн сургууль руу шилжүүлнэ гэж хэлэх эрх байдаг юм уу. Чи хүүхдийг зодож хүмүүжүүлдэг юм уу гэхээр “Би зоддоггүй, номын санд суулгана гэж айлгадаг” гэж хэлсэн. Багш хүн сургах үүрэгтэй, муу сурлагатайг нь сайжруулахын төлөө явдаг болохоос сургуулиас нь хөөж туун, хоёр гарыг нь өргүүлж, үс, чихнээс нь зулгааж хүмүүжүүлдэггүй байх. Иймэрхүү байдал хэд хэдэн удаа гарсан ч тэр бүгдэд дуугүй өнгөрсөн. Нийгмийн ажилтан нь ч “залуу багш ширүүдсэн биз дээ” гэдэг байсан.
Өнгөрсөн баасан гаригийн өглөө нийгмийн ажилтантай нь холбогдож учир явдлаа хэлтэл “Та санаа зоволтгүй, би хоёр хүүхдийг чинь ангид нь оруулаад өгье” гэхээр нь сургууль руу нь явуулсан. Гэтэл өнөө хоёр маань хичээлдээ ч очоогүй, сураггүй алга болсон байсан. Би ажлаасаа тараад тэр хавиар хайтал автобусны буудал дээр намайг хүлээгээд зогсож байв. Хичээлдээ яагаад яваагүй юм гэтэл “Багш ална, айгаад байна” гэсэн. Хүүхдийг ингэтэл нь сэтгэл санааны дарамтад оруулсан байна шүү дээ. Зөвлөгөө авсан хуулийн зөвлөх “Тэр багш ямар азаар шоронгийн хаалга татчихаагүй юм бэ, танай хоёрт ямар нэгэн юм болсон бол яана” гэж хэлж байсан. Нэхсэн мөнгийг нь өгөхгүй болохоор миний хоёрыг бусдаас ялгаварлан гадуурхах нь зөв юм уу. Сургуулийнх нь сургалтын менежерт энэ тухай хэлсэн. “Та нар өөрсдөө учраа олчихооч дээ” гэхээс өөр арга хэмжээ аваагүй. Манай хүүхдүүд бүгдээрээ энэ сургуулиар дамжиж хүмүүжсэн. Муу байна гэж чих халууцуулж үзээгүй. Б.Бадамжүгдэр багш сургуулиа төгсөж ирээд манай хоёр хүүгийн ангийг нэгдүгээр ангиас нь дааж авсан. Ямартай ч хүүхдүүдтэй минь зүй бусаар харилцаж, зодож, сэтгэл санааны дарамтад оруулсанд гомдолтой байна.
О.Бат -Ундрах