“Улс төрийн тойм” сонинд УИХ-ын гиш үүн Ё.Отгонбаяр ярилцлага өгөхдөө “Би хэрэг хийгээгүй“ хэмээжээ. Тэрбээр олны анхаарал татаж, хүн итгэхээргүй хэргийнхээ талаар цухас дурджээ. “Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хүнийг сэжигтнээр татсан бол өөрт нь мэдэгдэх ёстой. Одоогоор намайг мөрдөн байцаах газраас дуудаагүй. Янз бүрийн хэргээр шалгаж байна гэж хэвлэлээр их гарлаа. Хэрвээ намайг шалгаж байгаа бол би тэр тухай хэвлэлээр ярьж, мөрдөн байцаах ажиллагаанд нь саад учруулж болохгүй. Энэ бол хуулийн том зарчим. Нөгөө талаар хэвлэлд бичиж байгаа зүйлд хоёр тайлбар хэлье. Нэгдүгээрт, би хэрэг хийгээгүй учраас хууль хяналтын байгууллага шалгаад тогтоочих байх. Үүнийг хэвлэлийн бай болгож, улс төрийн зорилгоор ангуучлах хэрэггүй. Манай хэвлэлийнхэн баримт нотолгоотой юм бичиж баймаар байна. Зарим нь намайг бүр гэм буруутайг нь нотолсон юм шиг нэр төрд минь халдлаа. Би хэвлэл мэдээллийнхэнтэй шүүхдэж, заргалддаг зарчимтай хүн биш. Тийм учраас шалгах ажил явж байгаа бол тэр нь дуусаад тогтоогдох биз. Тэр үед нь олон нийтэд юу болсныг нь хэлнэ. Одоохондоо мөрдөн байцаалтын явцад элдэв мэдэгдэл хийж, саад учруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа” гэжээ.
Арай ч үгүй байлгүй дээ. Ё.Отгонбаяр, түүний эхнэр О.Эрдэнэсолонгын талаар шуугиж эхлэхэд эрхэм гишүүн амандаа ус балгасан мэт чимээгүй байсан. Гэтэл зургаан сарын дараа гэнэт “Би гэмт хэрэг хийгээгүй” гэж ярьж эхэллээ. Хэрвээ эхнэрийнх нь 26 данс, бусдыг айлган дарамталж авлига авсан гэх хэргийн талаарх мэдээлэл худлаа юм бол тэр даруй яагаад заргалдаж, нэр төрөө сэргээлгэхээр юу ч хийгээгүй юм бэ. Олны танил хүмүүс нэр төрд халдлаа гэж сэтгүүлчдийг шүүхдэх нь бий. Зургаан сарын өмнө Ё.Отгонбаяр, түүний эхнэрийн талаар улс даяар шуугисан. Түүнийг яагаад шалгах болсон, түүнд дарамтлуулж авлига өгсөн этгээд хэний дансаар дамжуулсан гээд эрхэм гишүүний гэм буруутайг нотлох хангалттай баримтыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх нар мэдээлсэн нь худлаа болж байна уу. Гарцаагүй гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон цагт л цагдаагийнхан мэдээлэл хийдэг. Гэтэл гэмт хэрэгт холбогдоод байгаа төрийн түшээ тэрхүү бүх мэдээллийг буруушаан, ташаа зүйл байсан мэтээр дуугарч эхэллээ.
Эрхэм гишүүний хэлснээр мөрдөгчид ташаа зүйл ярьсан бол ЦЕГ, Мөрдөн байцаах газар гэж байгаад хэрэг байна уу. “Хэвлэлийнхэн баримт нотолгоотой юм бичиж баймаар байна” гэж сэтгүүлчдийг буруутгах аястай үг унагаж. Түүнийхээр бол болсон үйл явдлыг мэдээлсэн сэтгүүлчид бас буруутай бололтой. Нэг үйл явдлыг тодхон санаж байна. 1990-ээд оны эхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хятадын тагнуул, мэдээлэл дамжуулагч хэмээн цуурч, зарим нэг нь үнэхээр харсан мэт ярьж, бичиж байхад тэрбээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж мэдээлэл ташаа байсныг тогтоолгосон. Ё.Отгонбаярт ийм боломж одоо ч нээлттэй байгааг сануулахад илүүдэхгүй биз. Ё.Отгонбаярын ярилцлагын дараа мөрдөн байцаагчид амаа үдүүлсэн мэт чимээгүй байна. Хэсэг хүлээсэн боловч энэ талаар “А” ч гэж дуугарах хүн байсангүй. Нөгөө хөдөлшгүй нотлох баримт үзүүлж, тайлбарлаад байсан хууль сахиулагчид яасан бэ. Мөрдөн байцаах газрын эх сурвалжаас мөрдөн байцаах ажил ямар шатандаа яваа, Ё.Отгонбаярыг гэмт хэрэг үйлдээгүйг нотлох баримт олдсон эсэх талаар тодруулахад “Мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Ё.Отгонбаярын 2012 оны орлого нь 10978000, эхнэрийнх нь 561721930 төгрөг байж. Тэд “Улаанбаатар зочид буудал” ХХК-ийн 15, “Говь” ХХК-ийн 100, “Чимбай” ХХК-ийн 78 ширхэг хувьцаа эзэмшдэг. Хувьдаа 150 сая төгрөгийн үнэтэй “Lexus- 570” маркийн машин, хувийн орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтын барилга тус бүр хоёр хэмээн АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. Гэсэн атлаа 19.3 тэрбум төгрөг, их хэмжээний валютыг цагдаагийнхны илрүүлсэн 26 дансаар хэдхэн хоногийн дотор оруулж, гаргасан байх юм. Гэр бүлийн хоёр гиш үүний орлогоос хол давсан энэ их мөнгийг ямар бизнес хийж, хэнээс, хаанаас орж ирснийг шалгахад энэ хэргийн гэм буруутан нь тодорхой болмоор. Энэ хэргийн талаарх мэдээлэл олонд нээлттэй болсноос зургаан сарын дараа “Гэмт хэрэг үйлдээгүй” гэж байгаа тэрбээр дахиад зургаан сар өнгөрөхөд цагдаагийнхан хүн гүтгэж, нэр төр гутаалаа гэж ярихаас ч буцахгүй бололтой.
Мөрдөн байцаах газарт 2013 оны гуравдугаар сарын 20-нд иргэн Ч гомдол гаргасан. “Намайг Энхтайваны гүүрэн дээр явж байтал хэсэг залуус зодоод, машин дээрэмдээд явчихлаа. БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр Налайхад барьсан барилгыг хүлээж авахгүй байсан юм. Тэгж байснаа хүнээр дамжуулан 230 сая төгрөг өг гэсэн. Өгөхгүй байсан чинь над руу хүн явуулж зодууллаа” гэж өргөдөл гаргасныг шалгахад үнэн байсан гэж Мөрдөн байцаах газрын удирдлага мэдэгдсэн. Түүгээр зогсохгүй Ч-г зодсон хүмүүс авлига өгөхийг шаардан, авлига өгөх хувь хэмжээгээ тохирсон баримт хүртэл хавтаст хэрэгт бий.
Тэрхүү баримтыг баталгаажуулан Монголбанкны Санхүү мэдээллийн албанаас нотолгоо гаргуулсан юм билээ. Ноцтой хэргийн учгийг тайлах мэдээлэл өгсөн Ч гэгч одоо хаана байна вэ. Түүний утас руу залгахад сэтгүүлч гэдгийг дуулаад утсаа тасалчихаад асаалгүй гурав хоносон. Авлигачдыг илрүүлэх ажил энэ мэтчилэн удааширч, хэргийг мартагнуулж, замхруулах тийшээ хөтлөөд байх шиг. Ё.Отгонбаяр нэг хэсэг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын баруун гар нь болж 1997-2000 онд “Баянгол зочид буудал” ХХК-ийн ерөнхий менежер, захирлаар ажиллаж байсан. Тэрбээр хэрэг шалгах зургаан сарын хугацаанд сайдын нөлөөгөөр хэргээс хэрхэн мултрах аргаа олчихлоо гэх хардлага ч байна. Тэрбээр өөрийгөө цайруулах ажлаа эхэлж, эхний мессежээ шидэж байгаа бололтой.
Х.Оюунсүрэн