“Хэдий чинээ амархан ашиг олох гэж шуналтана төдий чинээ луйварчинг тэтгэнэ”
Бенжамин Франклин
1993 оны намар ОХУ-ын Москва хотын дүүрэг болгонд шахуу байдаг “МММ” гэсэн хаягтай байрны гадаа маш олон хүн цугларан ямар нэгэн зүйлд дугаарлан зогсдог байлаа. Үүнийг бичигч бибээр тухайн үед тус улсад мэргэжил дээшлүүлж байсан агаад чухам юунд ингэж хөл хөөрцөг болоод байгааг ойлгодоггүй байв. Ямар ч байсан Оросууд манайх шиг хүнсээ картанд шилжүүлээгүй байсан юм. Хямдралтай худалдаа бас биш. Мөн МММ гэх компанийн учир нь үл ойлгогдох сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр байнга явна. Хожим тэрхүү сурталчилгааны талаар их олон онигоо гарсан юмдаг.
Харин миний энэ харанхуй байдалд манай хөрш Аля гэрэл гаргасан билээ. Түүний ярьсныг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол би МММ компанид жишээ нь 200 рубль өгөөд сарын дараа 400 болгож авах жишээтэй. Саяхан манайд бужигнаад өнгөрсөн хадгаламж зээлийн хоршоод шиг гэсэн үг. Гэхдээ ялгаатай. Хэрэв би өөр хэн нэгнийг дагуулж ирээд тэр хүн нь тодорхой хэмжээний мөнгө тус компанид оруулах юм бол миний авах 400 рубль илүү өснө. Энэ талаараа бараа л байхгүй болохоос сүлжээний бизнестэй ижил. Аля өөрөө хэд хэдэн удаа мөнгөө өсгөөд авсан тухай яриад намайг ятгаж гарав. Би бараг зөвшөөрдөг дээрээ тулаад байтал Аля надад МММ компанийн үнэт цаасыг харуулдаг юм байна. Гаднах байдлаараа тэрхүү акц нь хуучин ЗХУ-ын арван рубльтай адилхан бөгөөд гагцхүү Лениний оронд МММ компанийн эзний дүрс зурайж байх нь тэр. Яагаад ч юм миний инээд хүрээд явчихаж билээ. Магадгүй санхүү эдийн засаг, тэр дундаа үнэт цаасны ямар ч мэдлэггүйдээ тэгсэн биз. Тэгээд шуналгүйдээ бус зүгээр л эрсдэлд тун дургүй хүнийхээ хувьд тэгэх тусмаа хүний газар гээд татгалзсан юм.
Жилийн дараа Улаанбаатарт Оросын Төв телевизийн сувгийг үзэж суутал мэдээгээр МММ компанийн эзэн нөгөөх арван рубль шиг үнэт цаасан дээр зурайж байсан Сергей Мавроди гэгчийг залилангийн хэргээр баривчилсан тухай мөн МММ-д хөрөнгө оруулсан мянга мянган хүмүүс Оросын Засгийн Газрын ордны өмнөх талбайд цугларан мөнгөө нэхэж байгаа үйл явдал гарч байлаа.
Энэ бол манай хойд хөршид гарсан хамгийн анхны санхүүгийн пирамид байжээ. Санхүүгийн пирамид гэдэг нь ямарваа нэгэн идэвхтэй үйл ажиллагаанаас бус харин шинэ шинэ хөрөнгө оруулагчдын мөнгөөр орлого олох загвар юм. Олон тооны доод түвшингийн хүмүүс дээд түвшингийн цөөн хүмүүст мөнгөө өгдөг энэхүү санхүүгийн үйл ажиллагааны дүр зургийг геометрийн пирамид дүрс хамгийн тодоор харуулж чаддаг учраас ийм нэр оноожээ. Пирамидад орсон шинэ хүн болгон дээд түвшинд гарах боломжоо нэмэхийн тулд мөнгө төлдөг. Мөн хувь хүртэх амлалтад итгэн дараа дараачийн үйлчлүүлэгчдийг татан оролцуулснаар пирамидийн түвшинг нэмдэг аж.
Байнга нэмэгдэх хөрөнгө оруулагчдыг удаан хугацаагаар мөнгөөр хангах боломжгүй учир санхүүгийн пирамидийн нөөц багасаж эхэлдэг байна. Иймээс ердөө хагас жилийн дараа гэхэд хөрөнгө оруулагчид өндөр хувь авах боломж нь хязгаарлагддаг аж. Санхүүгийн амлалт нь өсөөд байдаг, харин мөнгөний нөөц нь багасаад байдаг. Цаг хугацаа явах тусам амласан мөнгөө эргүүлэн өгөх боломж улам багасч, санхүүгийн хүлээх үүрэг нь геометрийн хурдаар өсдөг ажээ. Мэдээж энэ нөхцөл байдал хөрөнгө оруулагчдыг түгшээдэг агаад пирамидийн суурь ганхаж эхэлдэг байна. Үүний үр дүнд үнэт цаас асар их арилжаалагдаж, цаашлаад үнэгүйдэлд хүрдэг ажээ. Харин 2008 онд дэлхий даяар шуугиан тарьсан Америкийн Stanford Financial Group (Стэнфордын санхүүгийн бүлэг) санхүүгийн пирамид нь 15 жил болсон байдаг. Тэд өндөр хүү амласан барьцаат хадгаламжийн гэрчилгээ зарах энгийн аргаар нийт 65 тэрбум долларын хохирол учруулсан аж. Энэхүү Пирамидийн толгой болох Бернард Медоффт АНУ-ын шүүх 150 жил хорих ял оноосон юм. Хэзээ хаана анх санхүүгийн пирамид бий болсон юм бол?
Мөрөөдлийн орон гэгддэг Америк хэзээд олныг соронзон мэт татдаг билээ. Гэхдээ очсон болгон мөрөөдлөө биелүүлж чаддаггүй нь харамсалтай. ХХ зууны эхэнд бараг орон болгоны луйварчид баяжих зорилгоор Америкийг зорьж байлаа. Тэдний ихэнхийн мөрөөдөл талаар болж өөрсдөө ор сураггүй алга болсон аж. Гэхдээ Америк тивийг сөхрүүлж чадсан сэргэлэн толгойнууд бас байсан юм. Тэдний нэг нь Чарльз Понци хэмээх итали эр билээ.
1903 оны хавар дөнгөж хорь хүрч явсан Чарльз Понци халаасандаа хоёрхон доллартай Америкийн Бостон хотын усан боомтод асар их найдлага тээсээр газарджээ. Тэрбээр угаагч, зөөгч, орчуулагч гээд маш олон ажил мэргэжил сольсон боловч баяжих гэсэн зорилгодоо хүрч чадаагүй аж. Нэг удаа Чарльз Дэлхийн Шуудангийн холбооноос захидал хүлээн авчээ. Дугтуйн дотор захидлаас гадна үнэгүй хариу илгээхэд зориулагдсан маркаар сольж болох тасалбар байв. Италиас авсан марк валютын зөрөөгөөр АНУ-д зургаа дахин үнэд хүрэх юм байна гэдгийг Чарльз тэр дороо сэтгэжээ. Олон орноос мянга мянган төстэй захидал авбал ямар вэ? Саятан болох боломж байна шүү дээ. Гэвч энэ нь тийм амархан зүйл байсангүй. Тээвэрлэлтэд бараг бүх ашиг үрэгдэх агаад асар их тооны маркийг зарах боломжгүй гэдэг нь ойлгомжтой болжээ. Понци энэ сул талыг олж харсан бол түүний дээрх аргыг сонссон хэн ч анзаараагүй ажээ.
1919 оны 12 дугаар сарын 29-нд Бостон хотын нэг сонины сүүлийн нүүрт “Шуудангийн тасалбарын ажиллагаа. Таны орлого 50%, Хугацаа 1,5 сар, Чарльз Понци” гэсэн зарлал гарчээ. Ямар ч байсан Понци өөрийнхөө нээлтээр яаж мөнгө олохыг ойлгожээ. Тэрбээр марк зарахгүй, харин “шуудангийн тасалбарын ажиллагаа” нь ердөө гэнэн хүмүүсийн хаанаас мөнгө олох юм гэсэн асуултад тайлбарлах сайхан “зангуу” байлаа.
Чарльз хүнээс 200 доллар зээлэн ажлын байр түрээсэлж бичиг хэргийн эд зүйлс худалдан авчээ. Тэрбээр эхэндээ компаниа танилын хүрээнд сурталчилсан байна. Тэдгээр танил нь компанийн анхны хөрөнгө оруулагчид болсон нь мэдээж. Гэхдээ Понци тэдгээр танилууддаа тасалбарыг яаж арилждагаа бизнесийн нууц хэмээн шалтаглан тайлбарлаагүй аж. Маш богинохон хугацаанд баяжих хүсэлд автсан хүмүүс Понцид итгэн мөнгөө авчирч эхэлжээ.
Мөнгө авч эхэлснээс дөчин тав хоногийн дараа Понци анхны хөрөнгө оруулагч нартаа тохирсон ёсоороо мөнгийг нь зуун тавин хувьтай буцааж өгчээ. Үнэндээ тэрбээр амласан шигээ шуудангийн тасалбарыг арилжиж олсон ашгаасаа бус сүүлд ирсэн хүмүүсийн мөнгөнөөс өгчээ. Бүгд л Понциг гайхамшигтай бизнесмен хэмээн магтан шуугих болжээ.
Хэсэг хугацааны дараа Понци нэг туслагч ажилд авчээ. Учир нь тэрбээр ганцаараа бүх хөрөнгө оруулагчдыг бүртгэж амжихгүй болсон байна. Хөрөнгө оруулагчдын тоо улам өсөн Понци бүхэл бүтэн баг ажилтантай болжээ.
Тухайн үед нэр хүндтэй байсан “Нью-Йорк Ивнинг Уолд” гэдэг сонин “Энэ залуу үнэхээр илбэчин юм. Та түүнд мөнгөө өгөөд дөчин тав хоногийн дараа хоёр дахин баяжих болно. Шуудангийн тасалбарын арилжаагаар сая саяыг олдог энэ суут залуу хүссэн болгонтой олсноо хуваадаг аж” гэж шагшин бичсэн байх юм. Маш олон хөрөнгө оруулагчид өссөн мөнгөө аваад эргүүлээд өгдөг байжээ.
Бостон хотын захиргаа яахаа мэдэхгүй байлаа. Учир нь иймэрхүү үйл ажиллагааг хориглосон ямар ч хууль байхгүй байв.
Санхүүгийн пирамид нь шинэ шинэ хөрөнгө оруулагчидтай байж гэмээ нь живчихгүй байдаг аж. Энэ онцлогийг харин Чарльз Понци мэдээгүй ажээ. Түүнд итгэж байсан хүмүүс хэдий асар их ч мөнгөө хийчихсэн, харин шинэ хөрөнгө оруулагчид улам багассаар байв.
1920 оны зун “ Бостон Пост” сонинд Понцигийн багт ажиллаж байсан нэг ажилтны ярилцлага хэвлэгдэн гарчээ. Тэрбээр дээрх ярилцлагаараа Понцигийн санх үүгийн үйл ажиллагааны үнэн дүр төрхийг илчилжээ. Энэ үеэс эхлэн цагдаагийн байгууллага Понциг нөхцөл байдлыг тодруултал шинэ хөрөнгө оруулагчдыг хүлээн авахыг хориглосон байна. Харин хуучин хөр өнгө оруулагчид болох бөөн хүмүүс мөнгөө авахаар зүтгэжээ.
Саятан болж амжсан Понци хамаг мөнгө нь дууссан ч оргон зайлаагүй байна. Зугтах боломж түүнд байсан гэдэг. Ингээд арай хожуу мөнгөө өгсөн хүмүүс хоосон хоцрох нь ойлгомжтой болжээ. Асар богино хугацаанд олсон асар их мөнгө олдсон шигээ нүд ирмэхийн зуур алга болсон байна.
Понци АНУ-ын холбооны Шуудангийн албатай холбоотой залилангийн хэргээр ял сонссон аж. Тэрбээр нийтдээ арван долоон мянган хөрөнгө оруулагчдыг мэхэлжээ.
Чарльз Понцигийн цаашдын амьдрал маш олон баривчилгаагаар дүүрэн байсан гэдэг. Гэсэн хэдий ч сурсан зангаа тавиагүй байна. Нэг хэсэг нөхөр Бенито Муссолинигийн зөвлөх хүртэл болж байсан аж. Гэвч удалгүй тар нь танигдаж тус албан тушаалаасаа халагджээ. Амьдралынхаа төгсгөлд Понци Бразилд англи хэлний багшаар ажиллаж байгаад нас барсан аж. Түүний дансанд ердөө далан таван доллар байсан гэдэг.
Понцигийн нэр Америкт төдийг үй дэлхий дахинд түгээд зогсохгүй одоо ч интернэтээр борооны дараах мөөг шиг олширсон зальт этгээдүүдийн гэмт хэрэгтэй ижил төстэй үйл ажиллагааг “понци” гэж нэрлэдэг ажээ. Харамсалтай нь хүн төрөлхтөн шунал гэгч чанараасаа ангижраагүй болохоор луйварчин этгээдтэй өөрийн мэдэлгүй хамтран аймшигт пирамидийг босголцсоор байх юм даа.