Их хотын дуу чимээ, шороо тоосноос түр ч атугай холдохоор Туулын эрэг бараадсан залуу хос бие биедээ эрхлэн, өнгөрсөн өдрүүдийн хөгжилтэй явдлуудаа ярилцан голын зөөлөн ширгэн дээр сууна. Хархүү нь хүйтэн шар айраг шимж, алгуурхан нүүх хурган цагаан үүлсийг ширтэн хол ойрыг бодно. Цээжийг нь дэрлэн хэвтсэн бүсгүй урт хайрхан үзэв үү гэлтэй гэнэт хашхиран босов. Бүсгүйнхээ энэ үйлдэлд балмагдсан харх үү “Юу болов оо” хэмээн огло харайлаа. “Тэр юу вэ, хүүхдийн хөл цухуйж байна шүү дээ. Яана аа” гээд голын хайрганд хайргадсан боодолтой зүйлийг заагаад хархүүгийнхээ араар орлоо. Ногоон өнгийн даавуунд ороосон тэр зүйлийн боодол голын урсгалд задарч, дотроос нь хүүхдийн хөл цухуйна. Дотор хүйт оргиулж, айдас дагуулсан тэр зүйлийг харсан залуус цагдаад даруй мэдэгдэв.
Цоорхой зулай
Зүү орох зайгүй шахам чихсэн хотын хүн, машины хөдөлгөөн цагдаагийн шуурхай албаныхныг баахан саатуулж, хэргийн газарт цаг шахамын дараа ирлээ. Аймшигт зүйл харсан бүсгүй нэлээд цочирдсон тул хархүү тайвшруулах гэж гарыг нь атган сууна. Цагдаагийн офицерийн ширүүн харц, элдэв асуулт бүсгүйг бүр ч балмагдуулж орхив. Голын урсгалд цохигдон хөдлөх өнөөх боодолтой зүйл босоод ирэх нь үү гэмээр жихүүцэм харагдана. Зургийг нь тал талаас нь авч, баахан хэмжилт хийсний эцэст уснаас гаргав. Цагдаад анх дуудлага өгсөн хархүү, бүсгүй хоёрыг хөндлөнгийн гэрчээр тогтоож, дээрх бүх үйл явцыг харж байхыг сануулсан тул боолтыг задлах үед бүсгүй муужран уналаа. Түүний харсан зүйл нь 2-3 настай болов уу гэмээр хүүхдийн цогцос байсан юм. Цагдаагийнхан тэр хоёроос баахан юм асууж, гарын үсэг зуруулаад, шаардлагатай бол дахин дуудах тул хотоос гарч явахгүй байхыг сануулав. Хэдэн цаг үргэлжилсэн хэргийн газрын үзлэг дуусаж, цогцсыг цагдаагийнхан шүүх эмнэлэг рүү хүргэхээр авч явлаа. Шүүх эмнэлгийн шинжээчид цогцост задлан шинжилгээ хийсний эцэст бяцхан хүүгийн зулай цоорсныг тогтоож, “Хурц үзүүртэй, нарийн зүйлээр хатгасан байна, энэ гэмтлийг 1-2 хоногийн өмнө авчээ. Хүү гэмтэл авсан даруйдаа нас барсан байх магадлалтай” гэсэн дүгнэлт гаргав. Бяцхан хүү гадны нөлөөтэй нас барсан нь нэгэнт тодорхой болсон тул цагдаагийнхан эрэн сурвалжлах ажлаа эхэллээ. Юуны өмнө 2-3 жилийн өмнө амаржсан эхчүүдийн жагсаалтыг нийслэлийн бүх амаржих газраас авав. Хөдөө орон нутгаас шилжиж ирсэн, нялх хүүхэдтэй айл өрхийн судалгааг ч гаргав. Цогцос урсаж ирсэн тул Баянзүрх, Гачууртад оршин суугч эхчүүдэд илүү их анхаарал хандууллаа.
Мөрдөгчид олон хоног эрэн сурвалжилсаны дүнд Гачууртад оршин суудаг нэгэн айлын эхнэр, нөхөр хоёрыг олж, тэднийнхийг хэд хоног ажигласан байна. “Эднийх 3-8 насны гурван хүүхэдтэй ч сүүлийн үед бага нь ер харагдахгүй болсон байна лээ” гэсэн иргэдийн мэдээлэл мөрдөгчдийн анхаарлыг татжээ. “Гэрийн эзэн нь орон шоронд орж байсан, болдоггүйчүүдийн нэг” хэмээн хорооны Засаг дарга эмэгтэй хэлсэн нь тэднийхийг шалгах бас нэг шалтгаан болов. Иргэдийн мэдээлэл үнэн байлаа. Тэднийхээс 6-8 настай болов уу гэмээр хүү, охин хоёроос өөр хүүхэд энэ хэдэн өдөр гарч орж харагдсангүй. Хэд хоног хяналт тавьсан цагдаагийнхан сэжиглэх үндэслэлтэй гэж үзээд гэрийн эздээс мэдүүлэг авч, шалгахаар болов. Гэр бүлийнхэн цугласан оройн цагаар тэднийд орлоо. Хүн амын бүртгэлд “ам бүл тавуул” гэсэн байсан ч хоёр хүүхэд л зурагтынхаа өмнө суусан харагдана. Гэрийн эзэгтэй үл таних хүмүүс оройн цагаар гэнэт орж ирсэнд баахан сандарч байгаа нь илт. Хоймор нь тамхи баагиулан суугаа эр тэднийг үл тоосон мэт царайлан суулаа. Мөрдөгчид гэрийн доторхийг нэгд нэгэнгүй харж, бага хүүхэд нь байхгүй байгаад өөрсдийнх нь сэжиг ортой болохыг мэдэж, гэрийн эздээс тодруулах зүйл байгаа тул маргааш өглөө дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж уулзахыг хүсээд явлаа. Юмыг яаж мэдэх вэ оргож босох ч юм бил үү гэж бодсон мөрдөгчид тэдний гадаа машинтай цагдаа нараа ажиглуулахаар үлдээв.
Уурын мунхаг, хүүхдийн аминд хүрсэн шөвөг
Өглөө эртлэн ирсэн мөрдөгчид ажилдаа орохоосоо өмнө зөвлөлдөөд сэжигтэн эхнэр, нөхөр хоёрыг тус тусад нь байцаахаар тохирлоо. Ингэхдээ хооронд нь уулзуулахгүй байхаар шийдэв. Эхлээд нөхрийг нь байцаахаар өрөөнд орууллаа. Хуулийнханд мэдүүлэг өгч хэзээний сурсан тэр хүн юу ч болоогүй мэт царайлахыг хичээж байгааг хашир мөрдөгчид анзаарчээ. Тэрбээр өөрийг нь яагаад цагдаад дуудсан, ямар хэргээр мэдүүлэг авах гэж байгааг асуугаад “Өмгөөлөгчгүйгээр ам ангайхгүй” гэдгээ хэлэв. “Өмгөөлөгч авах нь таны эрх, бэлэн хүн байвал дуудаж болно шүү дээ” гэхэд “Эхнэр бид хоёр ажилгүй шахам. Өмгөөлөгч хөлслөх мөнгө алга ” гээд суучихжээ. Тэдний өрхийн орлогыг тодорхойлох, өмгөөлөгч авч өгөх бичиг баримт бүрдүүлэх гэсээр хэдэн цаг болов. Энэ хооронд гэрийн эзэн эхнэртэйгээ уулзах боломжийг хайж, сав л хийвэл гарч гүйчих гээд мөрдөгчдийг баахан сандаргах нь тэр. “Эхнэр чинь бичиг баримтаа мартаад ирчихжээ. Гэр рүүгээ явсан” гэх зэргээр аргалсаар өмгөөлөгч олж өгч, байцаалтаа үргэлжлүүлэв.
Эхнэр, нөхөр хоёр “Бага хүүгээ дүүгийндээ өгсөн, түр харуулж байгаа” гэх зэргээр булзаж нэг үзээд эцэст нь арга буюу нас барсан гэж мэдүүлсэн аж. Чухам яагаад нас барав гэдгийг асуухад “Хоолондоо хахчихсан юм. Тэгээд хүүхдээ хахааж алсан гэлтэй биш, нэг их дуулиан болгоод яах вэ гээд оршуулсан. Хүнд үзүүлсэн чинь “Хээр орхи” гэсэн. Тэр дагуу нь ёс гүйцээсэн” гэж тайлбарлажээ. Тэд энэ үгийг эртнээс тохирсон мэт байсан тул мөрдөгчид хүүхдүүдээс нь асуухаар болов. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийг нь байлцуулан мэдүүлэг авдаг хуультай. Тэр ёсоор хүүхдүүдээс нь дүү нь яагаад нас барсан талаар асуужээ. Мөрдөн байцаагчийн асуултад хүүхдүүд эцэг, эхийнхээ нэг адил зүйл ярьсан байна. Гэсэн ч буруу ярьчихаагүй байгаа гэсэн шиг үе үе ээж, аав руугаа хараад байгааг хашир мөрдөгч ажиглаж, тусад нь асуухаар болжээ.
Эцэг, эхийг нь гарсны дараа хүүхдүүдээс дүү нь яагаад нас барсныг дахин асуухад “Ээж юм оёод сууж байсан. Дүү бид гурав үймүүлээд ээжид загнуулсан. Тэгээд дахиад үймүүлсэн чинь ээж шөвөг аваад шидчихсэн. Тэгсэн чинь дүүгийн толгойд зоогдож, цус гарсан. Тэгээд нас барсан. Аав , ээж хоёр хүнд хэлж болохгүй шүү гэсэн” хэмээн ярив. Уурласнаасаа болж хүүгээ санамсаргүй егүүтгэсэн ээжээс нь болсон явдлын талаар тулгаж асуухад хүүхдүүдийнхээ ярьсныг үнэн гэдгийг хүлээжээ. “Үймүүлээд юм хийлгэхгүй болохоор нь гарт ойр байсан шөвгөө шидчихсэн юм. Гэтэл бага хүү минь оногдоод, тэр дороо уначихсан. Очоод үзтэл шөвөг зулайд нь зоогдсон байсан. Түргэн тусламж дуудахын завдалгүй амьсгал хураасан. Хүүгээ алсан хэрэгт орохгүйн тулд амьтан хүнд хэлэлгүй даавуунд боогоод шөнө Туул голд хаясан” гэж үнэнээ өчжээ.
Ийм нэгэн харамсалтай хэрэг Баянзүрх дүүрэгт гарсныг цагдаагийн ажилтнууд олон хоног эрэн сурвалжилсаны дүнд саяхан илр үүлсэн юм. Хүүхдийнхээ амийг санамсаргүйгээр егүүтгэсэн ээж, хэргийг нуун дарагдуулсан аавд нь цагдаагийнхан ял төлөвлөн прокурорт шилжүүлээд байна. Уул морийг зовооно, уур биеийг зовооно хэмээн монголчууд эртнээс ярьж ирсэн. Энэ үгийг санаж, уураа барьсан бол бяцхан хүү амиа алдаж, өөрсдөө цагдаа, шүүхийн хаалга татахгүй байсан биз ээ.
Д.ДАГВА