БНХАУ руу хууль бусаар их хэмжээний самар гаргахыг завдсан хятадуудаас 40 сая төгрөгийн авлига авч суллаж явуулах гэж байсан цагдаагийн ажилтан У.Раднаабазар тэргүүтэй таван хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуучнаар НХЭГ-ын ажилтан У.Раднаабазар, Б.Батбаяр, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нар албан үүргээ гүйцэтгэж яваад самар хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн атлаа хахууль авч, нуухыг завдсан нь тэднийг өргөст торны цаана суулгахад хүргэсэн юм.
Харин уг хэргийн гол холбогдогч хятадууд хил даван зугтсан билээ. Шүүх хурлаас хэргийн зуучлагч нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг гэх Ж.Оюунчимэг болон гол хүмүүс болох У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр таван жил, нэг сарын хорих ялаар шийтгэжээ.
Харин Б.Төгсбаяр, Д.Энхбаатар, Т.Ууганбаатар нарт гурван жил, таван сар хорих ял оноосон юм. Мөн шүүгдэгч тус бүрээс нь 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оноожээ.
Г.РАВЖАА