УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн. Гэтэл та одоо хэр нь би хүн хутгалаагүй гэж ярьсаар байна. Төрийн байгууллагын албан хаагч худал мэдээлэл өгөв үү, эсвэл та нуун дарагдуулж байна уу?
-Би хүн хутгалаагүй гэдгээ удаа дараа хэлсэн. ЦЕГ мэдээллийг сайн хянаж шалгаагүйн улмаас ташаа мэдээлэл дамжуулсан гэж би дүгнэж байгаа. Би өнөөдөр гурван зүйлийг сэтгүүлч та бүхэнд хэлэхээр ирсэн. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгт би албан бичиг илгээн, үүссэн нөхцөл байдлыг судалж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Өнгөрсөн сарын 25-нд Г.Нямдорж гэдэг хүн над руу давшилсан болохоос би түүн рүү дайраагүй. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх хүсэлтийг нэг цагийн өмнө УИХ-ын Тамгын газарт ирүүлснийг дөнгөж сая би аваад байна. Би хуулийн дагуу болсон үйл явдлын үнэн бодит байдлыг мэдүүлэх үүрэгтэй. УИХын гишүүний халдашгүй байдал, нэр хүндийг ашиглан, түрий барьж цагдаагийн ажилд саад хийх бодол надад байхгүй.
-Та Г.Нямдоржтой хамт ажиллаж, нэг үе найз байсан гэл үү?
-Би түүнтэй найз байгаагүй. Сайн мэдэхгүй. Би 14 жилийн хугацаанд хоёр дээд сургууль дүүргэн, долоон жил төрийн байгууллагад хоёргүй сэтгэлээр ажилласан. Харин Г.Нямдорж гэгч олон жил шоронд суусан, бусдыг айлган сүрдүүлэгч юм билээ. Хялбар аргаар мөнгө олж, амь зогоох гэсэн хүмүүстэй би найз байгаагүй.
-Хүн хутгалуулж гэмтсэн гэж цагдаагийнхан хэлсэн. Тэгээд ч хэн нэгэн гомдол гаргаагүй байхад цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэхгүй. Гэтэл та хүн хутгалаагүй, ямар ч үйл явдал болоогүй гээд байх юм. Энэ хэргийн хохирогчтой та уулзсан уу?
-Ямар учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэн нь хохирогч болохыг цагдаагийн байгууллагаас асуугаарай. Би энэ хэргийн талаар өөрийн дүгнэлтээ өгөх боломжгүй. Хуулийн дагуу мэдүүлэг л өгнө.
Х.Сүрэн