Өнөөдрөөс яг 15 жилийн өмнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насанд хэрцгийгээр халдаж, бүрэлгэсэн хэрэг гарсныг монголчууд мартаагүй. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг түүнийг гэрт нь хөнөөхдөө гэмт хэрэгтнүүд хангалттай ул мөр үлдээсэн ч өнөө хүртэл илрэхгүй байгаа нь хачирхалтай. С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн шинжтэй аллага байсан гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрөөд буй ч илрүүлэх сонирхол улс төрийн хүрээнийхэнд алга уу, эсвэл илэрсэн ч зарлах боломжгүйд хүрсэн үү, мартагдах дөхөв. МАН, АН-ынхан сонгуулийн үеэр хэргийг илрүүлнэ, гэмтнийг зарлана гэж шоуддаг ч он улирах тусам хэрэг замхарсаар.
Монголын улс төрийн шинэ түүхэн дэх томоохон энэ аллагаар шоудсан улстөрчид ялах нь ялж, ялагдах нь ялагдаад сураггүй болдог. Тагнуул, цагдаа, прокурорын байгууллагад энэ хэргийг илрүүлэх тус тусын Ажлын хэсэг ажиллаж буй гэдэг ч өнөөдөр тэд ямар ажил хийж, аль сэжүүрийг мухарлав гэдэг талаараа олон нийтэд хүргэхийг огт хүсдэггүй. Тиймээс нийгэмд янз бүрийн хардлага үлдэж, олон хүн муу нэртэй, луу данстай болоод хоцорч буй гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Дамирангийн Энхбат агсан, “Ард” Батсүх, Сэлэнгийн У.Баатаржав, У.Болд гээд олон хүнийг энэ хэрэгт сэжиглэж байсан. Түүгээр зогсохгүй “Бат, Оюун” нэртэй бүх иргэнийг шалгасан билээ. Эцэстээ энэ хэргийг гадаадын тусгай албаныхан захиалж хийлгэсэн байх магадлалтай гэх хардлага зарим хүний амнаас гардаг. Энэ мэтэд хариу өгөх ёстой хуулийн байгууллагын Ажлын хэсгийнхэн дуугүй суусаар. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх Ажлын хэсэг дээрх хүмүүсийг холбоотой эсэхийг нь ч мэдээлэлгүй өнгөрснөөс үүдэн иргэдийн дунд тэд холбоотой гэсэн ойлголт өдгөө хүртэл яригдаж үлдсэн. Гэтэл энэ хугацаанд уг хэргийг шалгах Ажлын хэсгийн гиш үүд хэдэнтээ өөрчлөгдөж, гол сэж үүр, учгийг мэдэж байсан байж болзошг үй зарим ажилтан ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байгаа. Хамгийн сүүлд ТЕГ-ын Ажлын хэсгийг Сөрөх тагнуулын газрын дарга нь удирдаж байсан бол, УМБГ-ын Ажлын хэсэг хоёрхон хүнтэй болж, гол ажлыг дэд хурандаа Д.Баатар хариуцаж буй гэх.
Улсын ерөнхий прокурорын газарт байсан Ажлын хэсэг байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй болжээ. Магадгүй хэргийн учиг замхарч, хийх ажилгүй болсон учраас Ажлын хэсгүүдийг татан буулгаж, хүнээ цөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хууль хяналтын байгууллагын ажилтнуудаас өчигдөр авсан мэдээллээр “Ажлын хэсэг сэжигтэй гэх бүх үзүүрийг мухарласан, хийх ажилгүй шахам болчихоод байна” гэж байсан. Уг нь манай хууль хяналтын байгууллагынхан илрүүлээгүй хэрэг гэж бараг үгүй. Хэчнээн олон жилийн өмнөх, ээдрээ түвэгтэй хэргийг ч цагдаагийнхан илрүүлж, гэмтэнд нь хуулийн хариуцлага хүлээлгэж чаддаг. Харин энэ хэргийг илрүүлэхэд хууль хяналтын байгууллагынхны зориг дутаад байгаа юм болов уу. Хуулийн байгууллагынхан айдсаа дарж, хэн нэгний дарамтаас зоригтой гарч чадаж гэмээнэ С.Зоригийн гэх хэргийн учир шалтгаан, гэмтэн тодорхой болж магадгүй.
Г.РАВЖАА