1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улсад шударга ёс, эрх зүйт төрийг тогтооно хэмээн 20 гаруй жил ярьж бичиж ирсэн. Үүнийгээ ч 1992 онд баталсан Үндсэн хуульдаа тусгаж өгсөн билээ. Энэ хуулиар ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёс нь эрх зүйт төрийн үйл ажиллагаандаа удирдлага болгож буй үндсэн зарчим.
Тодруулбал, тэгш байдал гэдэг нь хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэйгээр оролцохыг хэлж буй бөгөөд энгийн нэгэн цэвэрлэгчээс УИХ-ын гишүүн, төрийн тэргүүн хүртэл хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй оролцоно гэсэн үг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ тэгш байдлын зарчим тун хаг төдий байсан. Харин Шүүхийн тухай багц хуулийн нэг хэсэг болсон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр сая нэг юм голдиролдоо орж, зарчим хэрэгжиж эхлэх нь. Тодруулбал, өмнө нь шүүгч нар шийдвэрээ гаргаж, иргэдийн төлөөлөгч “буруутай, буруугүй” гэх дүгнэлт л танилцуулдаг байсан. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх дээрх хуулиар иргэдийн төлөөлөгч шийдвэр гаргах эрхтэй болоод буй юм.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ДҮГНЭЛТ ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮУ
Нэлээд хэдэн жил шүүх хурлаас сурвалжлага хийж явахдаа Шүүхийн иргэдийн төлөөлөгч хэмээх настай голдуу хүн сууж байхтай олон таарч байлаа. Шүүх хурал хэдхэн цаг болоод дуусах ч бий, хэд хоногоор үргэлжлэх ч тохиолдол байдаг. Энэ бүхэнд нөгөө л 3-4 хөгшин сууж байх. Уг нь 2002 оны Шүүхийн тухай хуульд шүүхэд иргэдийн төлөөлөгч байхаар тусгасан юм билээ. 2002 оны Шүүхийн тухай хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгчийг сонгогчийн нэрсийн жагсаалтыг үндэслэн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон журмын дагуу сонгон авах ажлыг тухайн шүүхийн Тамгын хэлтэс зохион байгуулж, шүүх хуралдаанд оролцуулна” гэжээ. Энэ заалтад үндэслэн хуулийг хэрэглэхдээ настай голдуу хүмүүсийг сонгодог нь иргэдийн төлөөлөгчөөр ажиллах хүний цаг завыг бодолцдогтой холбоотой гэх. Энэ нь дутуу “цоорхой” зарим зүйл заалт хуульд байдагтай холбоотой ч байж болох. Хэд хэдэн шүүхийн эх сурвалжаас иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар лавлахад “Оны эхэнд сонгогчдын нэрсийн жагсаалтаас 3-4 хүнийг иргэдийн төлөөлөгчөөр сонгож хуралд суулгадаг. Яагаад настай хүмүүс авдаг вэ гэхээр цагийн ажилтай нөхдийг бодвол цаг зав ихтэй. Ажилтай хүмүүсийг сонгохоор хуралд дуудсан цагт ирэх боломжгүй тохиолдолд шүүх хурал хойшлох нэг шалтгаан болж болзошгүй байдаг юм. Тиймээс тэтгэврийн хүмүүсийг голчлон сонгодог зарчим үйлчилж байсан” гэв.
Шүүхийн тухай хуулийн дээрх ганцхан заалт нь шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох, ажиллуулах шалгуурыг нарийн тодорхойлоогүй байсан юм. Тиймээс тэтгэврийн хөгш дийн зарим 2-3 хоног үргэлжлэх шүүх хурлын үеэр хурал дундуур унтах, хэргийн оролцогчдын тайл бар мэдүүлгийг бусад орол цогчдод сонсогдохгүй болтол хоорондоо ярилцах, цайгаа шоржигнотол сорох гэх мэтээр тайлбар мэдүүлэг гаргаж буй хүмүүсийн ярианд нэг их анхаарал хандуулж чаддаггүй нь зарим хурлаас тод харагддаг. Шүүх хурал завсарлаж, шүүгч нар зөвлөлдөхийн өмнө иргэ дийн төлөөлөгч нар дүгнэлтээ уншиж танил цуу лах журам тай. Тэд “Гэм буруутай нь тогтоогдож бай на. Ял оноох нь зүйтэй” гэсэн санал хэлэхийн төлөө л цаг заваа алдан, нойр хоолоо хугаслан шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр хуралд оролцдог байв. Зарим тохиолдолд шүүгч нар иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг ч сонсолгүй хурлаа завсарлуулдгийг зарим шүүгч хэлж байсан. Тэгэхээр өнөөгийн мөрдөж буй 2002 оны Шүүхийн тухай багц хуулийн дагуу сонгогдсон шүүхийн ир гэдийн төлөөлөгчдийн дүгнэлт шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахад төдийлэн нөлөө үзүүлдэггүй гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрөх болов уу.
ШИЙДВЭР ГАРГАХ ЭРХТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЦАЛИН Ч, ХАРИУЦЛАГА НЬ Ч ӨНДӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан УИХ-аар батлуулсан Шүүхийн тухай багц хуулийн нэг үндсэн зарчим нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байхыг чухалчилсан. Тиймээс Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулахдаа иргэдийн төлөөлөгчөөр хэн ч оролцож болохоор тусгуулсан юм. Энэ нь нэг талдаа шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх сайн талтай. Мөн иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дээшилж, шүүхийн нэр хүнд өсөхөд ч тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзсэнийх. Тиймээс тухайн тойрогт амьдардаг иргэн хүсэлтээ гаргаж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохих шаардлагыг хангасан иргэн шүүх бүрэлдэхүүнд багтаж, хоёр шүүгчийн хамтаар хэрэг маргааныг таслан шийдвэрлэх эрхтэйгээр оролцож болох юм. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулах бөгөөд 25 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай хэн ч шүүхэд шийдвэр гаргахад оролцох эрхтэй иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож болно.
Иргэдийн төлөөлөгч нь тухайн анхан шатны шүүхийн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, ял шийтгүүлээгүй, хэргийн оролцогчоор татагдаагүй, сүүлийн нэг жил иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх шаардлага хангасан Монгол Улсын иргэн байна. Нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг сонгож, шүүх бүрэлдэх үүнд оролцуулах асуудлыг шүүхийн Тамгын газар зохион байгуулахдаа цахим хэлбэрээр, тохиолдлын журмаар долоо хоног тутам 10-15 хүнийг сонгож дэд жагсаалт гаргаж, шүүх хурал зарлагдмагц мөн тохиолдлын журмаар шүүх бүрэлдэхүүнд орох нэг иргэдийн төлөөлөгчийг сонгох зарчмаар ажиллах юм. Улмаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах тухай мэдэгдэх хуудсыг хурал болохоос таваас доошгүй хоногийн өмнө тухайн иргэнд буюу түүний ажил олгогчид хүргүүлнэ. Ажил олгогч ажилтанд чөлөө олгох үүрэгтэй бөгөөд олгоогүй тохиолдолд торгуулийн хариуцлага хүлээлгэхээр хуульд зохицуулаад байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгч жилд ганц л удаа шүүх хуралдаанд оролцох юм. Хуулиар иргэдийн төлөөлөгч нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцдаа шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх, шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх, хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах, хэргийн талаар нотлох баримт цуглуулах, төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн оролцсон хэргийн талаар мэдээлэл өгөх, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулахыг хоригложээ. Тиймээс шүүхийн иргэдийн төлөө- лөгчөөр сонгогдох иргэний хариуцлага өндөр. Түүний зэрэгцээ цалин ч бас өндөр байх аж.
2002 оны Шүүхийн тухай хуулийн дагуу шүүхийн төсвөөс шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон гурван хүний тухайн хуралд хэдэн цаг сууснаас хамаарч цалин олгож байж. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд бараг хүрэхгүй шахам мөнгө байсан аж. Нэгэн аймгийн шүүхээс иргэ дийн төлөөлөгчийн цалингийн хэмжээг тодруулахад “Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 3-4 хүн 200 мянган төгрөг хувааж авдаг” гэсэн юм. Харин ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу төлөөлөгч багагүй хэмжээний цалин авах бөгөөд түүнийг нь Шүүхийн ерөнхий зөвлөл удахгүй батлахаар болоод буй аж. Шүүх хуралд таслан шийдвэрлэх эрхтэй оролцох иргэдийн төлөөлөгч бэлгэдлийн шинжтэй өмнөх иргэдийн төлөөлөгчдөөс цалин нь ч, хариуцлага нь ч маш өндөр шалгууртай байхаар тусгасан юм. Шүүх хуралд иргэд төлөөлөгчөөр таслан шийдвэрлэх эрхтэй оролцсоноор магадгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ийм хэрэг үйлдвэл ингэж шийтгүүлдэг юм байна гэх ойлголтыг ойр орчмынхондоо, хамт ажилладаг хүмүүстээ хүргэхийн зэрэгцээ шүүхийн шинэчлэл, хууль дээдлэх зарчмын талаар ч ойлголт төрүүлэх сайн тал бий болж байна.