Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, “Тэнгис” кинотеатрын зүүн өмнө барьж буй барилгын тулгуур төмөр унаж, оюутан залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд гарсан. Уг хэрэгт холбогдуулан барилгын ажлыг гүйцэтгэж буй “Мудун спед” компанийн захирал Т.Батбилэг, хөдөлмөр хамгааллын зааварлагч инженер М.Цогтгэрэл нарт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас хянаад, яллах дүгнэлт үйлдсэн юм.
Шил шилээ даран гарсан барилгын ноцтой ослуудаас олны анхаарал татсан энэ хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх энэ сарын 27-нд хянан хэлэлцэж, дээрх хоёр шүүгдэгчийг барилга барихдаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчин, зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн Б.Ч-гийн амь насыг хохироосон гэм буруутайд тооцсон байна. Улмаар компанийн захирал Т.Батбилэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.8 сая төгрөгөөр торгохоор болжээ. Харин М.Цогтгэрэлд хоёр жил хорих ял оноож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэн харгалзахаар боллоо.
Харин оюутан залуугийн аминд хүрсэн энэ компанийн барилгын ажил үргэлжилж эхэлсэн бөгөөд өчигдөр гэхэд хамгийн дээд давхарт нь хүмүүс ажиллаж байв. Барилгачид “Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсан” гэж тайлбарласан бол БХБЯ- ны эх сурвалж “Өнгөрсөн зургадугаар сард барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан. Нэгэнт бариад эхэлсэн барилгыг нураалтай биш. Гэм буруутай хүмүүст нь хуулийн хариуцлага хүлээлгээд барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсон” гэв.
Уг нь анхны зураг төслөөр 16 давхар байх ёстой байсан бөгөөд өдгөө 22 давхар болгохоор төлөвлөжээ. “16 давхраас дээш барилгын зөвшөөрлийг БХБЯ-ныхан олгодог учраас манай мэдлээс гарсан” гэдгийг НМХГ-ын эх сурвалж хэллээ.
Г.РАВЖАА