Н.Номтойбаярыг зэвсгийн чанартай зүйл ашиглан танхайрсан гэж буруутгажээ
Сүхбаатар дүүргийн нутаг, Төрийн ордны хойд талд байрладаг “Le Triskell” ресторанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Центрпоинт”- ийн гэх хэрэгт холбогдож байсан “Мунзуй” хочит Г.Нямдорж, түүний найз Баттулга нар уулзалдсан аж. Н.Номтойбаяр, Г.Нямдорж нар тагнуулын байгууллагад хамт ажиллаж байсан найзууд бөгөөд тэд нэг шил конъяк хувааж уужээ. Халамцсан эрс хоорондоо үг зөрж, улмаар ширээн дээр байсан зуушны хутгыг барьж авсан гэнэ. Энэ үед тэдний маргааныг харж байсан Баттулга салгахаар дундуур нь орох үед Н.Номтойбаяр түүний нурууны орчимд хутгаар гэмтээсэн аж. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн олон нийтийн газарт танхайрсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тус хэлтсийн эх сурвалж мэдээллээ. Сүхбаатар дүүргийн прокурорын эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Н.Номтойбаярын холбогдсон хэргийг дөнгөж шалгаж эхэлж буй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн шөнө л болсон хэрэг байна” гэлээ. “Мунзуй” хочит Г.Нямдоржийн хувьд сүүлийн үед хэд хэдэн хүнийг айлган сүрдүүлж, нэг хүний гарыг хугалсан гэх мэдээлэл хууль хяналтын байгууллагынханд байдаг аж.
Н.Номтойбаяр: Г.Нямдорж над руу хутга бариад дайраад байсан
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бие хамгаалагчаа хутгалсан гэх мэдээллийн мөрөөр өөртэй нь холбогдон тодрууллаа.
-Та өнгөрсөн лхагва гаригт “ Центрпоинт”-ийн гэх хэрэгт холбогдож байсан Г.Нямдоржтой муудалцаж, хутга барин дайрч байгаад хамгаалагчаа гэмтээсэн гэх мэдээлэл сайтуудад гарчээ. Энэ үнэн үү?
-Надаас бодит үнэнийг асууж байгаад баярлалаа. “Центрпоинт”-ийн гэх хэрэгт холбогдож байсан Г.Нямдоржтой маргасан. Гэхдээ би хүн рүү хутга бариад дайрах хүн биш. Тэр л өөрөө зуушны хутга бариад над руу дайраад байсан.
-Яагаад тань руу дайрсан юм бол?
-Сайн мэдэхгүй юм.
-Таны хамгаалагч түүнийг гэмтээсэн юм уу?
-Надад хамгаалагч байхгүй. Манай найз хориглоод, гадаа гаргаад түүнийг нэг хоёр цохисон гэсэн. Өөр зүйл болоогүй.
-Та хаана байсан бэ. Таныг согтуу байсан гэсэн мэдээлэл байна?
-Би гаднын хэдэн хүмүүс, найзтайгаа Төрийн ордны ард байрлах нэг газарт ажил хэргийн уулзалттай байсан. Тэр газрын нэрийг нь сайн санахгүй байна. Архи уугаагүй.
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс энэ хэргийг шалгаж эхэлсэн гэсэн?
-Тийм үү, би мэдээгүй л байна. Би тэгсхийгээд яваад өгсөн. Дараа нь цагдаагийнхан ирсэн гэсэн. Намайг дуудаагүй ч би очиж уулзах санаатай байгаа.