Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой нарын гурван хүнд холбогдох хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцэв. Тэднийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хоёр дахь удаагаа шалгасан юм.
Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнэ “Хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө” хэмээн бусдаас авлига авсан бөгөөд шүүх түүний гэм буруутайг тогтоож, хорих ял ногдуулсан байдаг. Гэвч Ш.БолдЭрдэнэ суллагдмагцаа хэргийг нь шалгасан байцаагчаа гүтгэж дээрх албанд хандсан юм. Тэрбээр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гаргасан гомдолдоо “Мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, нотлох баримт цуглуулах ажиллагаанд оролцсон ЭЦГ-ын ажилтан, дэд хурандаа Г.Ганболд, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Н.Өлзийсайхан нар хууль бусаар нотлох баримт бүрдүүлж, баривчилсан, эрүү шүүлт тулгасан” хэмээжээ.
2009 онд Ш.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг шалгах үед тэрбээр мөн л ийм өргөдөл гаргасан байсан бөгөөд шүүх түүнийг хүн гүтгэснийг тогтоосон юм. Сонгинохайрхан дүүргийн шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх гурван хүний гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан бол Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн магадлалыг хэвээр үлдээж Б.Бат-Олзвой, Г.Ганболд, Н.Өлзийсайхан нарыг цагаатгалаа.
Г.ЦОЛМОН