Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатарыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн тухай мэдээлэл дуулдав. Тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Г.Эрдэнэбаатарт холбогдох асуудлыг УМБГ-аас харьяалал тогтоож манай хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн. Дуурь бүжгийн эрдмийн театраас үнэт эд зүйл алга болсон гэх гомдлыг шалгаж эхэлж байна” гэлээ.
Бидний авсан мэдээллээр Г.Эрдэнэбаатарыг ДБЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллах явцдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн тус театрын сан хөмрөгт хадгалагдаж байсан эмэгтэй хүний толгойн мөнгөн гоёл, чимэг, зүүлтийг зувчуулсан гэх хэрэгт буруутгасан гомдол цагдаагийн байгууллагад ирээд буй аж. Харин Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын эх сурвалжаас тодруулахад “Эрүүгийн хэрэг үүсгээг үй. Цагдаагийн хэлтэст Г.Эрдэнэбаатар гэдэг хүнтэй холбоотой гомдол шалгагдаж байгаа юм билээ” гэв.