Манай улсын мөнгөн дэвсгэртийг хятадууд их хэмжээгээр авч байна гэх мэдээлэл үе үе дуулдах болсон. Ялангуяа Цагаан сар ойртох тусам энэ төрлийн зөрчил нэмэгддэг талаар хууль хяналтын байгууллагынхан мэдээлдэг. Гэтэл энэ баяр болоогүй байхад их хэмжээгээр хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан нь тагнуулын байгууллагынхны анхаарлыг татаад буй гэнэ. Хилчид сонор сэрэмж өндөртэй ажиллаж энэхүү хууль бус үйлдлийг илрүүлэн, нарийвчлан шалгуулахаар харьяаллын дагуу Төмөр замын цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Улаанбаатар2Эрээн чиглэлийн 686 дугаар галт тэргээр БНХАУ руу зорчиж явсан манай улсын иргэн Д.Шүрэнцэцэг, Б.Батсайхан нар 50-т, 100-тын мөнгөн дэвсгэрт тус бүр 15 мянган ширхгийг хилээр нэвтрүүлэх гэж байжээ. Тэднийг Замын-Үүдийн хилийн 0108 дугаар ангийн хилчид илрүүлсэн байна. Мөнгөн дэвсгэртийг 2008 оноос хойш их, бага хэмжээгээр хил давуулж, БНХАУын иргэдэд худалдаж байгаа бөгөөд ихэнх нь бэлэг дурсгалын зүйлс хийх зориулалтаар гаргаж байна гэж тайлбарладаг гэнэ.
Хятадууд 10 төгрөгийг нэг мо-гоор худалдаж авдаг гэх албан бус мэдээлэл байгаа юм. Ингэж худалдаж авсан мөнгөн дэвсгэртээ “мөнгөний мод” гэх дурсгалын зүйлд ашигладаг бололтой.
Г.РАВЖАА