Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах, Ц.Гансүх нар үйлчлүүлэгчийнхээ холбогдсон хэрэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй гэдгийг мэдээллээ.
Өмгөөлөгч А.Ундрах “Бид өмнө нь хэвлэлийн хурал зарласан боловч үйлчлүүлэгчийн маань цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх хурал давхацсан учраас хийж чадаагүй. Үйлчлүүлэгчийг маань энэ оны нэгдүгээр сарын 22-нд цагдан хорьсноос хойш найман сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид тэвчээртэй харсаар байв. Бидний үйлчлүүлэгч Чимэдийн Гансүх 17 тэрбум төгрөг зувчуулсан, нууц амрагийнхаа дансанд таван тэрбум төгрөг байршуулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Мөрдөн байцаалтын явцад энэ их хэмжээний мөнгө завшсан, угаасан гэх үйлдэл нь тогтоогдоогүй. Ташаа мэдээлэл гэдгийг энэ хурлаар мэдэгдэх гэсэн юм. Бусдаас авлига авсан нь ч тогтоогдоогүй.
Чингэлтэй дүүргийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас тодорхой зүйлүүдийг хэлэх боломжгүй. Миний үйлчлүүлэгч Ч.Гансүхийн эрүүл мэндийн байдал маш муу байгаа. Даралт ихсэх өвчин болон чихрийн шижин өвчин нь хоёрдугаар үедээ орсныг баталж эмчийн магадлагаа гарсан. Үүнтэй холбоотойгоор Ч.Гансүхийг батлан даалтад гаргуулах хүсэлтээ холбогдох газруудад байнга тавьж байгаа боловч хүлээж авахгүй байна. Түүний өвчний байдал нь цагдан хорих арга хэмжээг өөрчлөх нэг үндэслэл болох ёстой ч шүүх хүлээж авахгүй байна” гэлээ.
Өмгөөлөгч Ц.Гансүх “Бид үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүйг батлах цагаатган нотлох баримтыг тодорхой хэмжээнд хангалттай цуглуулсан” гэлээ. Мөн тэд үйлчлүүлэгчээ эрүү шүүлтэд орж байна гэж ХЭҮК-д хандаж хүсэлт тавьжээ. Ч.Гансүхийг энэ оны нэгдүгээр сарын 22-нд саатуулаад Төв аймаг дахь Цагдан хорих төвд хорьжээ. Улмаар Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдан хорих байранд шилжүүлж, саяхнаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид авчиржээ. Энэ гомдлыг нь тус комисс хянаж үзээд “Хүнийг гэртэй нь ойролцоо байх Цагдан хорих төвд саатуулах журамтай ч, ийнхүү дөрвөн газар шилжүүлсэн нь эрүүдэн шүүж буй нэг хэлбэр” гэж дүгнэсэн гэнэ.
Г.РАВЖАА