Чингэлтэй дүүргийн нутаг дахь “Толла” гэх дэлгүүрт өнгөрсөн лхагва гаригийн үдэш зэвсэглэж, баг өмссөн этгээд халдан, хоёр ч удаа буудаж орлогынх нь мөнгийг дээрэмдсэн хэрэг гарав. Азаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд гэмт этгээд хийн буугаар зэвсэглэсэн байжээ. Уг хэргийг 33 настай, цагдаагийн ахмад цолтой Ч.Эрдэнэжаргал гэх залуу үйлдсэн байсан нь олныг цочирдуулав. Өнгөрсөн зунаас хойш ийм төрлийн зэвсэгт дээрэм хэдэнтээ гарсан бөгөөд цагдаагийн байгууллагынхан анхааралдаа авч, хорихоос өөр төрлийн болон хорих ял эдэлж байгаа гадуур ажил хийж буй хүмүүжигч нарыг хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьж байсан аж. Гэтэл гэмт хэрэг илрүүлэх, иргэдийн амар тайван амьдралын төлөө хэмээн тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч юуны учир ийм хэрэг үйлдэх болов гэдэг нь олны гайхашралыг төрүүлж буй юм.
Бидний авсан мэдээллээр Ч.Эрдэнэжаргал нь 1980 онд төрсөн, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгчөөр 2-3 жилийн өмнөөс ажиллах болсон гэнэ. ОХУ-д хууль эрхзүйн чиглэлээр 2007 онд сургууль төгссөн нэгэн аж. Тэрбээр ЭЦГ-т ажиллаж байсан аавынхаа нөөлгөөр ОХУ-д суралцсан юм байна. Түүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж буй бөгөөд албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр тэрбээр зэвсэглэн, баг өмсөж дээрэм хийсэн гурван үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа гэнэ. Түүнийг ийм гэмт хэрэг үйлдсэнд хамт ажилладаг нөхөд нь ихэд гайхаж буй юм. Зарим нь “Ийм гэмт хэрэг үйлдэх хүн биш. Мөнгө төгрөг дутсандаа ийм хэрэг хийгээгүй байх. Өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байгаа нь жирийн залуусаас илүү” гэж ярьж байв.
Сүүлийн үед цагдаагийн алба хаагчдын үйлдсэн олныг цочирдуулсан гэмт хэрэг шил шилээ даран гарах болсны нэг нь дээрх хэрэг. Түүний өмнө ЗЦГ-ын Хөдөлгөөнт хяналтын хэлтсийн Тусгай хамгаалалтын тасгийн зохицуулагч цагдаа, ахлагч Д.Батгэрэл, дэд ахлагч Ж.Түмэнжаргал нар 14- 10 УНП улсын дугаартай “Сүзүки Свифт” маркийн автомашин жолоодож яваад явган зорчигч Б-ыг дайрч амь насыг нь хохироон, түүний хажууд явсан Г-ыг мөргөж хүнд гэмтээсэн юм. Өдгөө хохирогч Г-ын бие маш хүнд байгаа гэнэ. Харин согтуу цагдаа нар хэргийн газраас зугтсан бөгөөд хууль хяналтын байгууллагынхан иргэдийн мэдээллийн дагуу гэмт этгээдийн автомашины дугаараар нь шуурхай эрэн сурвалжилж саатуулсан юм. Тэд ухаанаа алдтал согтсон учраас хэн нь жолоо барьж явснаа тайлбарлаж чадахгүй байгаа аж. Тиймээс ахлагч Д.Батгэрэл, дэд ахлагч Ж.Түмэнжаргал нарыг цагдан хорьж буй. Түүнээс өмнө Налайхын замд согтуу цагдаа мөн л автомашин жолоодож яваад хүний амь насыг хохироосон хэрэг гарчээ.
М.Бамбадорж: Цагдаагийн удирдах албан тушаалтан үүргээ биелүүлэхгүй байна
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Бамбадоржоос цагдаагийн ажилтан гэмт хэрэгт холбогдох болсон талаар тодрууллаа.
-Цагдаагийн алба хаагчид холбогдсон хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгаа бол?
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт хэргийн талаарх мэдээлэл цацагдаад эхэлсэн байгаа. Эдгээр хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Тийм болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Бид хэргийг шуурхай шалган шийдвэрлэх болно.
-Цагдаагийн алба хаагчдын холбогдсон гэмт хэрэг сүүлийн үед яагаад өсөөд байгаа шалтгаан нөхцөлийг танай алба судалдаг байлгүй?
- Цагдаагийн алба хаагчдын үйлдсэн онц хүнд гэмт хэргийн тоо өсөөд байгаа нь нийгэмд маш их шуугиан тариад байна. Цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас эрүүл мэндийг хохироосон гэмт хэрэгт холбогдлоо. Энэ он гарсаар манай албанд гэмт хэргийн шинжтэй 488 гомдол ирснээс 130-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус албанд шалгагдаж буй хэргийн илрүүлэлт 95 хувьтай, ер нь илрээгүй хэрэг цөөн. Манай алба аливаа гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай шалгаж, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг баримтлан гэм буруутай эсэхийг нь тогтоон шүүхээр шийдвэрлүүлэхээр ажилладаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд мөрдөн байцаагч мэдэгдэл бичдэг. Гэвч цагдаагийн удирдах албан тушаалтнууд мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ямар нэг ажил зохиодоггүй бололтой. 2013 он гарсаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас зөвхөн цагдаагийн байгууллагад хандаж 50 орчим мэдэгдэл бичсэн. Гэтэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдэгдлийн хариу ирүүлэх нь эрс багассан.
-Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн ажил үүргийг түдгэлзүүлсэн үү?
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлд “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгээр, шүүх, прокурор нь тэднийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх эрхтэй. Энэ шийдвэрийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн ажилладаг албан байгууллагад хүргүүлэх бөгөөд байгууллагын удирдлага уг шийдвэрийг гурав хоногийн дотор хэрэгжүүлж, энэ тухай хариу мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу зарим цагдаагийн алба хаагчийнх нь албан тушаалыг түдгэлзүүлэх гэхээр танай байгууллага хэт нэг талыг бариад байна гэх мэтээр үндэслэлийг нь судалж байна гээд шийдвэр гаргахгүй байгаа. Энэ нь цагдаагийн алба хаагчид холбогдсон гэмт хэрэг өсөж буйн бас нэг шалтгаан. Ийм байдлаар өөрсдийгөө өмөөрөөд байвал цаашид цагдаагийн алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо төдийлэн буурахгүй л болов уу.
Г.ЦОЛМОН