“Эрдэнэт” үйлдвэрт долоо хоногийн өмнө үйлдвэрлэлийн осол гарч, нэг хүн амиа алдан, 40-өөд насны нэг хүн хүнд бэртсэн байна. Энэ сарын 16-ны 12.00 цагийн орчимд тус үйлдвэрийн Цахилгаан цехэд гарсан уг ослын үед гэмтсэн хүнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс очсон нарийн мэргэжлийн эмч үзээд амь насанд нь аюулгүй гэжээ. Түүний бие харьцангуй дээрдэж байгаа аж.
Харин нас барсан ажилтан тус үйлдвэрт зургаан жил ажиллаж байгаа агаад гэр бүлтэй, гурван настай нэг хүүхэдтэй, 20 гаруй насны залуу байсан гэнэ. Ослын шалтгааныг тогтоохоор Улсын комисс томилогдсон ч одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна. Он гарснаас хойш тус үйлдвэрт үйлдвэрлийн осол хоёр удаа гарч, хоёр хүн амиа алдаад байгаа аж.
Х.ЭРХЭМ