Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнгээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын авч явсан СКС, сайга маркийн буу, 7,62 мм-ийн 36 ширхэг сум, F1 RGD маркийн есөн ширхэг гар бөмбөгийг тагнуулынхан эд мөрийн баримтаар хурааж авсан. Гэтэл мөрдөн байцаах ажлын явцад байлдааны сум, тэсрэх бөмбөг нэмж олсон талаар ТЕГ, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас өчигдөр мэдээлэл хийлээ. “Мөрдөн байцаах ажлын явцад тэсрэх бөмбөг 11, тэслүүлэгч 10, сайга маркийн буу нэг, гар буу, бууны сум 101, 200-400 граммаар савласан тротел (тэсрэх бодис) нийт 18 ширхэг, тетонатр ес, бууны замаг нэг ширхэгийг оллоо” гэж ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Зулаа ярив.
Сүүлийн үед тэсрэх бөмбөг оллоо, ямар нь мэдэгдэхгүй зүйл буулгаж байна гэх мэдээлэл иргэдээс ирэх болжээ. Тухайлбал өнгөрөгч мягмар гаригт иргэн Б гар бөмбөг олсон тухайгаа цагдаагийн газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан хэргийн газарт очиж шалгаад аюулгүй болгожээ. Мөн Баянзүрх дүүргийн Хонхор өртөөнд хэсэг хүмүүс тэсрэх бодис буулгаж байна гэх мэдээллийн мөрөөр очиход уул уурхайн тэсэлгээнд ашигладаг бодисыг тусгай зөвшөөрөлтэй компани агуулахдаа буулгаж байсан аж. Энэ мэт сэжигтэй зүйл олсон, харсан хүн шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн санууллаа.
Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд эрүүгийн хэрэг үүсгэн ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байна. Эрүүгийн хуулийн 177.1-д нийгмийн аюулгүй байдлын эсрэг зандалчлах гэмт хэрэг үйлдсэн хүнийг 10-15 жил хорих ял онооно гэсэн хуультай. Харин хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэргийг нийтэд аюултай аргаар үйлдсэн бол 15-20 жил, цаашлаад цаазаар авах ял онооно гэж заажээ.
Х.ОЮУН