-400 гаруй хүн хохирогчоор тогтоогдов-
“Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах өнгөрсөн сарын 23-нд шатаж, галын улмаас нэг хүн амь үрэгдэж, олон иргэн эд бараагаараа хохирсон хэрэг гарсан. ЦЕГ-ын даргын тушаалаар уг хэргийг шалгах Ажлын хэсгийг УМБГын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Э.Идэрцогоор ахлуулж, хохирогчдоос тайлбар, сэжигтнүүдээс мэдүүлэг авах зэргээр багагүй ажил хийж байгаа юм.
Хэргийн мөрдөн байцаалтын явц ямар шатанд байгаа талаар Ажлын хэсэгт багтсан эх сурвалжаас товч мэдээлэл авлаа. Ажлын хэсэг хэрэг гарснаас хойш сар орчмын хугацаанд хохирогчдоос тайлбар мэдүүлэг шуурхайлан авч дууссан байна.
Мөрдөн байцаалтын явцад 400 гаруй хүн түрээслэгч, давхар түрээслэгчээр тогтоогдож, бараа материалынхаа падаан бусад баримтыг нотолгоо болгож өгчээ. Өдгөө галын шинжээчдийн дүгнэлт, түрээслэгчдийн ашиглаж байсан талбайд багтсан барааны хэмжээ зэрэгт үнэлгээ хийж буй шинжээчдийн дүгнэлтийг гарахыг хүлээж буй юм байна. Гал юунаас болж гарсан шалтгааныг тогтоох шинжээчийн дүгнэлт хараахан гарах болоогүй гэнэ. Мөрдөгчид шатсан захын олон газраас дээж авч шинжилгээнд явуулсан бөгөөд тэр болгоныг нэг бүрчлэн шалгах учраас галын шалтгааны дүгнэлт бага зэрэг удаашрах бололтой гэж мэдэгдэв. Хохирогчдын хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа ч нэлээд удааширна гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор есөн хүнийг сэжигтнээр тооцож, дөрвөн хүнийг цагдан хориод байсан. Саатуулагдсан дөрвөн хүнийг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргажээ. Тэд тухайн өдөр харуул хамгаалалтад ажиллаж байсан үйлчлэгч, манаач, цахилгаанчнаар ажилладаг хүмүүс байв.
“Нарантуул”-д гал гарсны дараахан тус захын удирдлагыг саатуулсан гэх мэдээлэл цацагдсан ч дээрх дөрвөн хүнийг л хорьжээ. Тэд өмнөх шөнө нь согтууруулах ундаа хэрэглэж, ажлын хариуцлага алдсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. “Нарантуул”-ын хүнсний захад өмнө нь 2-3 удаа гал гарч байсан бөгөөд түүнийгээ тэр дор нь нууцалсан нь ч шалгалтын явцад батлагдсан талаар эх сурвалж мэдээлэв. “Нарантуул” захад гал гарсан хэргийн хохирогчдын хувьд САПУ-гийн хохирогчид шиг хохирлоо захын удирдлагаас нэхэмжлэхгүй гэдгээ Ш.Сайхансамбуутай уулзах үеэрээ хэлсэн гэнэ.
Хохирогчдын төлөөлөл “Юуны түрүүнд бидний амьжиргаа болсон захаа шинээр бариад өг. Эхний ээлжинд бид ажлын байртай болъё. Дараа нь хохирлоо барагдуулъя” гэсэн байна. Харин хохирогчдын энэ хүсэлтийг Ш.Сайхансамбуу дуртайяа зөвшөөрч байгаа ч барилгын ажлыг дахин эхлүүлэхийг холбогдох газрууд нь зөвшөөрөхгүй байна хэмээн түрээслэгчдэдээ учирласан гэж нэгэн түрээслэгч бидэнд мэдээллээ.
Г.РАВЖАА