УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх өглөө Төрийн ордныг тагнуул, цагдаагийнхан хамгаалалтад авч, бөөн дуулиан шуугиан боллоо. Ордноос хүн гаргахгүй, оруулахгүй гэж сүржигнэсээр бага үдийг өнгөрөөв. Харин төд удалгүй Байгаль орчин ногоон хөгжлийн яамны эргэн тойронд “РОLICE” гэх бичигтэй тууз татан, нохой дагуулсан цагдаагийн ажилтнууд шуурхайлан гүйлдэв.
Төрийн ордны гадаа юу болсныг мэдээгүй хүмүүс онц ноцтой гэмт хэрэг гарч хэмээн айж сүрдэхээр үзэгдэл болох нь тэр. Зөвхөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас ажилтнуудыг нь гаргаад зогсохгүй, ойролцоох таван байгууллагынхныг цагийн дотор гаргаж чадав. Энэ нь тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирснээс үүдэлтэй аж.
Төд удалгүй нөгөө гайт мэдээлэгч “Централ тауэр”-ийн ойролцоо бөмбөг тавьсан гэж хэлжээ. Цагдаа тагнуулын ажилтнууд түргэн авч, тусгай ажилтнууд нь 18 давхраас эхлэн өрөө болгоныг нэг бүрчлэн нэгжиж, хогийн сав бүрийг сайтар шалгасан ч уул уурхайд ашигладаг тэсэлгээний бодисоос өөр зүйл олсонгүй.
Харин тусгай ажилтнууд бүтэн таван цагийн турш хогийн сав ухаж өнжлөө. Хааш хаашаа хэдхэн метр зай эзлэх энэ байгууламжийг шалгаж дуусахыг хүлээж нийслэлийнхэн өдөржин түгжирлээ. Хотын төвийн хэд хэдэн уулзварыг хааснаас машин нь багтаж яддаг хотын замын ачаалал даруй арав дахин нэмэгдэв. Ажил үүргийн дагуу хүчний байгууллагынхан мэдээллийн мөрөөр шалгаж, аюулгүй болгох үүрэгтэй ч энэ арай л биш ээ. Хотын төв хэсэг, тэр дундаа Төрийн ордны ойролцоо тэсрэх бөмбөг тавьчихаад байхад ямар нэгэн мэдээлэл дамжуулдаг төхөөрөмж байдаггүй нь харамсалтай. Дэлхийн ихэнх оронд төрийн тусгай хамгаалалтад байдаг албан байгууллага, метро, томоохон үзвэр, үйлчилгээний газарт тэсрэх бөмбөг мэдрэгч байршуулдаг. Нийслэлийн өөртөө үйлчилдэг супермаркетууд бүгд дохиололтой. Өмч хөрөнгөө алдчихгүй гэхдээ тэд хамгаалсан хэрэг. Гэтэл манай тагнуул, цагдаа, эрүүгийнхэн хаанаас, хэн гэгч утасдаж мэдээлэл өгснийг нь шуурхай шалгаж, мэдээлэл нь үнэн бодитой эсэх, үнэн бол аюулгүй болгохын оронд тусгай ажилтнуудаараа өдөржин хогийн сав ухуулж байх гэж. Тэгээд болоогүй ээ, бид ийм ажил хийлээ, гэмт хэрэгтнүүдийг хүний амь нас хөнөөхөөс нь өмнө таслан зогсоож чадлаа гэж уралдаж хэвлэлийн бага хурал зарлаад, ичмээр юм. Нөгөө гэмт хэрэгтэн гэж нэрлээд байгаа хүн нь нууц ажиллагааны талаар анхны ч мэдэгдэхүүнгүй жирийн нэгэн агротехникч.
Галт зэвсэг хаанаас хэн оруулж ирдэг, олны амь насыг хөнөөх аюултай тэсрэх бөмбөг хаана байна, хэн ямар ажиллагаа явуулах гэж байгаа талаар тагнуул, цагдаагийнханд ямар ч мэдээлэл байдаггүй аж. Одоогоос нэг жилийн өмнө Налайх, Сонгинохайрхан дүүрэгт барилга барьж буй хятад иргэдээс их хэмжээний буу, сум олдоход хаанаас авсан, Монгол Улсын хилээр хэзээ орж ирснийг огт мэдэхгүй мөрөө хавчаад сууж байсан. Өнгөц харахад жирийн иргэн үзэл бодлоо төрийн түшээдэд хүргэх гэж буу шийдэмдээ хүрсэн үйл явдал мэт боловч цаанаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эх орондоо амар тайван амьдрах баталгаа ямар түвшинд байгааг энэ үйл явдал харууллаа. Цагдаа, тагнуулынхан цаг үеэсээ дэндүү хоцорсон, болхи ажиллагаатай гэдгийг энэ үйл явдал дахин батлав. Хэдийгээр тэсрэх бодис хэн нэгний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй ч төрийн тусгай хамгаалалт гэж сүржин нэрлэсэн шигээ хамгаалж, тагнуул цагдаагийнхны ур чадварыг сайжруулах цаг болсныг энэ үйл явдал хатуухан санууллаа.
Х.Оюунсүрэн