МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал өчигдөр болж хэд хэдэн шалгалтын үр дүнг танилцуулав. Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, 74 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Амьтны тухай хууль, Байгалийн ургамлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна хэмээн Ажлын хэсэг дүгнэв. Шалгалтаар “Дүүрэн нуур” компани хууль бус үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэлийн зориулалтаар загас бэлтгэн Хөвсгөл болон нийслэлийн хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдан борлуулж байгааг илрүүлжээ.
Мөн “Хөвсгөл-Сэлэнгэ”, Хөвсгөл цай”, “Завхан баялаг” компани байгалийн ургамлыг зөвшөөрөлгүй түүж, бэлтгэж байсныг тогтоосон байна. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах амьтны тоо хэмжээг БОНХЯ-наас гаргаагүй учраас хууль бус агнуурын зөрчил гарах нөхцөл бүрдсэн хэмээн Ажлын хэсэг дүгнэсэн юм. Мөн нийслэлд шинээр барьж буй барилгын гадна ханын дулаалгын материалд хийсэн шалгалтын дүнг танилцуулав. 21 барилга, барилгын дулаан тусгаарлах материалын 16 үйлдвэр шалтгалтад хамрагдсан бөгөөд гадна ханын дулаалгад ямар шинж чанартай хөөсөнцөр хавтан хэрэглэхийг тодорхой зааж өгөөгүй, угсралтын технологи мөрдөөгүй зөрчил илэрчээ. Үүнээс үүдэн зарим барилгад чанаргүй, хямд үнэтэй хөөсөнцөр сонгож хэрэглэсэн байна.
Иймд барилгын захиалагч, зураг төсөл зохиогч, хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад барилгын салбарт мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт хангаж ажиллахыг сануулав.
Т.Сайнаа