Тусгай хамгаалалтын бүсэд галт зэвсэг, гар бөмбөгтэй хүмүүс нэвтэрч, улмаар Төрийн ордны үүдэнд буун дуу гарсан нь эхэлж буй долоо хоногийн дуулиант үйл явдлын нэг байлаа. “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй гурван хүн ийм болчимгүй хэрэг үйлдэв. Тэд “Урт нэртэй” хуулийг хүчингүй болгохоор УИХ-ын ээлжит бус чуулган болон намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөснийг эсэргүүцэн ийм алхам хийсэн гэж хамтрагчид нь хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Олон байгууллагын ажлыг саатуулж, иргэдийг сандаргасан хэргийн эргэн тойронд юу болов гэдгийг тоймлон хүргэе.
10.00 цаг. “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэх явцдаа Төрийн ордны хаалганы орчимд буудаж, ТТХГ болон цагдаа, яаралтай тусламж, онцгой байдлын ажилтнуудыг түргэн авахуулав. Азаар бууны суманд хүн оногдсонгүй. Харин Төрийн тусгай хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн Ц.Мөнхбаяр, Н.Болдбаатар нарын гурван хүнийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд саатуулжээ. Цагдаа, онцгой байдал, тагнуулынхан хамтран саатуулагдсан гурван хүний биед болон авч яваа зүйлд нь үзлэг хийсэн юм. Үзлэгийн явцад дээрх хүмүүсийн бүснээс 7.62 мм-ийн калибрийн нэлээд олон тооны сум, байлдааны дөрвөн гар бөмбөг хураан авлаа. Мөн ангийн зориулалттай карбин буу хоёрыг хураан авснаас гадна үүрч явсан цүнхэнд нь багагүй хэмжээний сум, мөн таван ширхэг гар бөмбөг байсныг хураан авчээ. Хэдийгээр тухайн үед цагдаа, тагнуулын байгууллагынхан мэдээлэл өгөхөөс цааргалж байсан ч үзлэгт оролцсон дээрх байгууллагын зарим албан хаагч өөрсдийн хувийн камераараа зургийг нь авсан байсан юм. Болсон үйл явдлын талаар НЦГ-ын албан эх сурвалжаас тодруулахад “Төрийн тусгай хамгаалалтын бүсэд болсон асуудал учраас ТЕГ-ын Мөрдөн байцаах алба хэргийг шалгана. Бид хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэж байна” гэв.
14.30 цаг. Төрийн ордны хойд талд хийсэн хэргийн газрын үзлэг дуусаагүй байхад дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон компаниуд байрладаг “Централ тауэр”-т гар бөмбөг тавьсан тухай мэдээллийг цагдаагийн Шуурхай удирдлага, мэдээллийн төвд нэгэн хүн мэдээлжээ. “Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн болон НОБГ-ынхан очиж, хамгаалалтад аван хүмүүсийг байрнаас нь ослын хаалгаар гаргасан.
16.30 цаг хүртэл ажил руугаа орж болохгүй гэсэн. Улмаар цагдаа, онцгой байдлын албаныхан хогийн саван дотроос байлдааных уу, сургалтынх уу гэдэг нь тодорхойгүй гар бөмбөг шиг зүйл олсон” гэж тэнд ажилладаг эх сурвалж бидэнд мэдээллээ. Харин НОБГ-ын дэд дарга, хурандаа Ч.Намсрайжав “Централ тауэр”-ийн хогийн савнаас гар аргаар хийсэн бололтой тэсрэх бодис олсон. Тэсрэх аюултай уг бодисыг холбогдох байгууллагынхан аюулгүй болгосон” гэж мэдэгдлээ. Хууль хяналтын байгууллагынхан барилгын эргэн тойрны хяналтын камерийн бичлэгийг үзэж, уг тэсрэх бөмбөгийг ямар хүн тавьсныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм.
15.30 цаг. Төрийн ордны эргэн тойронд хийсэн үзлэг дуусаж, “Централ тауэр”-ийнх үргэлжилж байхад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн БОНХЯ руу очив. Тэнд мөн л тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл ийнхүү цагдаагийнхан төдийгүй тухайн орчимд байрладаг Татварын ерөнхий газар, Сангийн яам тэргүүтэй төрийн байгууллагын үйл ажиллагааг саатуулав. Биднийг тус яаманд очиход цагдаа, онцгой байдлын албаныхан БОНХЯ-ны ажилтнуудыг байрнаас нь гаргаж, хүмүүсийн машиныг нэг бүрчлэн шалган гаргаж байлаа. Цагдаагийнханд тусгай зориулалтын тоног төхөөрөмж байдаггүй бололтой, ердийн жижиг толь ашиглан автомашинд үзлэг хийж харагдав. НЦГ-ын дарга, хурандаа Д.Батжаргал “Мэдээллийн дагуу шалгалт хийж байна. Одоогоор ямар нэг зүйл олдоогүй” гэв. Харин БОНХЯ-ны нэгэн мэргэжилтэн “Юу болоод байгааг ойлгосонгүй. Байрнаасаа яаралтай гар гэсний дагуу гарсан. Бөмбөг тавьсан эсэхийг нь мэдэхгүй. Машины тээш, мотор, дотор, гадна тал, доод хэсгийг нь нэг бүрчлэн шалгаж байна” гэв.
Н.Болдбаатар иргэний хөдөлгөөнийхнөө зэвсэглэв үү
Гар бөмбөг, байлдааны сумаар зэвсэглэсэн дээрх хүмүүсийн үйлдэл Монголд зэвсэглэсэн бүлэг бий болж буй юм биш биз гэсэн айдсыг иргэдэд төрүүлсэн бол нөгөө хэсэг нь төр, засаг хуулиа хугацаанд нь хэрэгжүүлсэн бол ийм асуудал болохгүй байсан гэж байлаа.
Ц.Мөнхбаяр тэргүүтэй төрийн бус байгууллагын гишүүд 2009 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Пураам”, “Бороо гоулд” компанийн техник хэрэгсэл рүү буудаж зугтсан билээ. Морьтой очсон дээрх хүмүүс хэд хэдэн удаа буудаад зугтахад ганзага нь тасарч Ц.Мөнхбаярын иргэний үнэмлэхтэй цүнх хоцорсноос тэд баригдсан юм. Уг хэргийг мөрдөн шалгах явцад 2011 онд дээрх хүмүүс Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани руу бас л буудаж, хэргийг нэгтгэн шалгахаар болж байсан. Дээрх хүмүүсийг байцаасны эцэст шүүх Ц.Мөнхбаяр, Н.Болдбаатар нарыг цагаатгасан юм. Даварсаар даварсаар Дагвын оронд гэгчээр өнгөрсөн жил дээрх хүмүүс Төрийн ордны цонх руу нум сум харваж байсан бол энэ удаад буу, тэсрэх бөмбөг барин орохыг завдав.
Тагнуулын байгууллагынхан дээрх хүмүүс гар бөмбөг хэрхэн олж авав гэдгийг тогтоохоор шалгаж эхэллээ. Магадгүй энэ нь цаашлаад Зэвсэгт хүчний анги байгууллагаас гардаг зэвсэг, сум галт хэрэгслийн наймааны томоохон сэжүүрийн учиг байхыг үгүйсгэхгүй. Бидэнд олдсон мэдээллээр сум, галт хэрэгсэл олох ажлыг Н.Болдбаатар хариуцаж хийсэн байх магадлалтай гэнэ. Тэрбээр Зэвсэгт хүчинд алба хааж байсан офицер бөгөөд танил тал, найз нөхдөөрөө дамжуулан гар бөмбөг олж авсан байх магадлалтай гэсэн нэг таамаг хууль хяналтын байгууллагынханд байгаа юм.
Жагсаал зохион байгуулагчдыг баривчлав
УИХ-ын ээлжит бус чуулганаар “Урт нэртэй” хуульд нэмэлт, өөрчюм лөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан “Гал үндэстэн” холбоо, “Монголын нууруудын нэгдсэн холбоо”, “Онги гол” хөдөлгөөн зэрэг төрийн бус 11 байгууллагын төлөөлөл өчигдөр Төрийн ордны гадна 10.00 цагийн үед эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулав. Биднийг 10.30 цагийн үед очиход Төрийн ордны баруун болон хойд талын хашаанд дээрх хуулийн талаарх мэдээлэл, шаардлага бүхий лоозонг зай, завсарг үй өлгөсөн байсан бөгөөд “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, гишүүн Д.Төмөрбаатар, “Ариун суварга” хөдөлгөөний тэргүүн Г.Чагнаадорж нарыг Төрийн ордон руу буудсан хэмээн Төрийн ордны тусгай хамгаалалтын албаныхан баривчлаад авч явсан юм. Тэд Засгийн газарт шаардлага хүргүүлэх нэрийдлээр долоон сумтай хоёр буу, гар бөмбөг биедээ авч, Төрийн ордон руу орохыг завдсан гэсэн мэдээлэл сонсогдов. Тиймээс Төрийн ордныг хамгаалалтад авч, УИХ-ын гишүүд болон албаны хүмүүсээс бусдыг нь дотогш нэвтрэхийг хориглосон бөгөөд ордны эргэн тойронд цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид үзлэг хийж байв. Харин ордны арын цэцэрлэгт хүрээлэнд онцгой байдал, Шүүх шинжилгээний албаныхан баривчлагдсан хүмүүсийн өмсөж байсан хувцас, дөрвөлжин цагаан төмөр сав, хар цүнх, дээлийн бүс зэргийг шалгаж байлаа.
Төрийн ордонд тогтоосон онц байдлыг 12.00 цагийн орчимд буулгасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн цагдаа нар жагсаалд оролцож буй есөн хүнийг нэмж баривчлав. Тэднийг төрийн тусгай хамгаалалттай онцгой бүсэд дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авалгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр тайлбар авах зорилгоор баривчилж байна хэмээн Хэв журам хамгаалах тасгийн дарга Б.Ууганбаяр хэлэв. Энэ үеэр жагсаалыг дэмжихээр ирсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Б.Баярбат “Газар нутгаа хамгаалахын тулд тэмцлийн олон хэлбэрийг сонгож байна. “Урт нэртэй” гээд шоовдорлоод байгаа хуулийг хэвээр үлдээж, Засгийн газар хэрэгжүүлбэл өөр хүсэх зүйл бидэнд алга” хэмээв. Түүнийг ийн ярьсны дараа цагдаа нар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль зөрчсөн хэмээн баривчлав. “Хашаан дээр байрлуулсан уриа, лоозонгоо харах ёстой. Хөдөлгөөнийхөө хүмүүсийг ирэхээр явъя” хэмээн Б.Баярбат хүсэлт тавьсан хэдий ч түүнийг цагдаагийнхан гар, хөлнөөс нь дамжлан машиндаа суулган авч явав. Жагсаалд оролцсон бүх хүнийг ийн саатуулсны дараа хэвлэлийнхэн болон цагдаагийн ажилтнууд үлдэв. Цагдаагийнхан ордны хашаанд байрлуулсан лоозонг буулгаснаар жагсаал, цуглаан дууссан юм. Тус лоозонд бичсэнээр “Урт нэртэй” хуулийн хүрээнд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувь нь хамгаалалтад орж, ашигт малтмалын 1782 лиценз цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж бичсэн байв. Энэ үеэр жагсаал, цуглааныг дэмжихээр ирсэн “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр “Би дөнгөж сая ирлээ. Миний дуулснаар “Гал үндэстэн” холбооныхон “Урт нэртэй” хуулийг хэвээр үлдээхгүй бол зэвсэг барьж тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлэх зорилгоор зэвсэгтэй ирсэн байх. Ордны хамгаалалтын албаныхан тэднийг баривчлахыг оролдох үеэр “Биднээс холд” хэмээн эсэргүүцэж байхдаа бууныхаа гохыг дарчихсан гэсэн. Санамсаргүй буудсан шүү дээ” гэв.
Ц.Мөнхбаяр хоёр буу, 36 сум, есөн гар бөмбөг авч төрийн хамгаалалтын бүсэд нэвтэрчээ
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг төрийн тусгай хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтрэн буудаж танхайрсан хэргээр тагнуул, цагдаагийнхан саатуулсан юм.
12.20 цагт “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяраас Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийнхэн мэдүүлэг авчээ. Тэрбээр “Хэн нэгний амь насыг хохироох бодол байгаагүй. Харин ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэсэн төрийн түшээдэд сануулга өгөх гэсэн юм” гэж мэдүүлжээ.
Төрийн ордны ойролцоо тэсрэх бөмбөг тавьсан иргэдийг саатуулж буйг харсан зарим хүн “Хүний амь хохирсон, нэг хүн өөрийгөө буудчихлаа” гэх мэдээлэл тараажээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Хүчний байгууллагынхан шуурхай ажиллаж хэн нэгнийг гэмтээхээс өмнө саатуулж чадсан. Нэг ч хүн бэртэж гэмтээгүй” гэв.
Ц.Мөнхбаярын авч явсан бууны эзэмшигч нь түүний найз аж. “Ц.Мөнхбаярын тавьж буй шаардлага зөв ч, тэмцэж буй арга нь буруу. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд галт зэвсэг нэвтрүүлсэн нь хүний амь нас хөнөөх далд санаа агуулж байсныг үгүйсгэх аргагүй. Хууль ёсны дагуу асуудлыг шийдэх бүрэн боломжтой цаг үед амьдарч буйгаа мэддэг баймаар” гэж цагдаагийн эх сурвалж ярив. Ц.Мөнхбаяр галт зэвсэг ашиглан удаа дараа гэмт хэрэг үйлдэхийг завдсан учир энэ удаа эрүүгийн хэрэг үүсгэн, яллах үндэслэлтэй аж.
Хэргийг Мөрдөн шалгаж буй Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэнэ 18.00 цагт мэдээлэл хийлээ.
-Төрийн ордон нэгдүгээр зэрэглэлийн тусгай хамгаалалттай бүс. Гэтэл Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс яаж энэ бүс рүү нэвтэрсэн юм бол?
-Төрийн ордны хойд талын цэцэрлэгийн хаалга нээлттэй байдаг учир тэд нэвтэрсэн. 10.30 цагийн орчим “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүс байлдааны гар бөмбөг, буутай тусгай бүсэд нэвтрээд олон нийтийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж, шаардлага тавьсан төрийн албан хаагчид халдахыг завдаж буудсан.
-Тэднийг саатуулах явцад цагдаагийн нэг ажилтан гэмтсэн гэх мэдээлэл байна?
-Тагнуулын ажилтнууд гэмт хэрэгтнүүдийг цаг алдалгүй саатуулсан учир нэг ч хүн гэмтээгүй. Түүнд Эрүүгийн хуулийн 177, 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн.
-Хэргийн газраас ямар эд зүйл олсон бэ. Зарим эх сурвалж сургуулилалтад ашигладаг бөмбөг байсан гэх юм?
-Хэргийн газраас байлдааны СКС, “Сайга” маркийн ангийн буу тус бүр нэг ширхэг, 7,62 мм-ийн 36 ширхэг сум, F1 RGD маркийн есөн ширхэг гар бөмбөгийг эд мөрийн баримтаар хурааж авлаа.
-Зөвхөн Төрийн ордноос гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, түүний эргэн тойронд байгаа бусад яам, “Централ тауэр”-ийн орчимд бөмбөг тавьсан гэх мэдээлэл байсан. Та бүхэн тэр бөмбөгийг илрүүлж, аюулгүй болгож чадсан уу?
-Мөрдөн байцаах ажил дөнгөж эхэлж байгаа учир энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
21.00 цаг. ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Ганбаатар, НХЖХГ-ын дарга, хурандаа М.Энхтогтох, НЦГ-ын дарга, хурандаа Д.Батжаргал нар болсон асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд “Төрийн ордны арын цэцэрлэгт Зэвсэгт хүчин, армид хэрэглэдэг гар бөмбөг болон галт зэвсэг агсаж явсан хүмүүсийг саатуулан өдгөө ТЕГ-т шалгаж байгаа. Түүний дараа “Централ тауэр”, БОНХЯ, Уул уурхайн яамны орчимд тэсрэх бөмбөг тавьсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу иргэдийг нүүлгэн шилжүүлж, тэсрэх бөмбөгийг хайж, аюулгүй болгох ажлыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхантай хамтран хийлээ. БОНХЯ-ны орчмоос бөмбөг олдоогүй. Харин Уул уурхайн яамны дэргэдээс гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг байж болзошгүй зүйлийг илрүүлэн аюулгүй болгосон. “Централ тауэр” болон УУЯ-ны орчмоос олдсон эдгээр бодисыг устгаж, эзэн холбогдогчийг нь тогтоохоор ТЕГ, ЭЦГ, УМБГын хамтарсан Ажлын хэсэг гарч шалгаж эхэлсэн. Тиймээс иргэдийг амгалан тайван байж болно гэдгийг хэлье. Харин албан байгууллагуудын удирдлага, харуул хамгаалалт, сонор сэрэмжээ чангатгаж ажиллахыг сануулъя” гэлээ.
Г.РАВЖАА, Х.ОЮУНСҮРЭН, Б.БЯМБАСҮРЭН