Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын өнгөрсөн баасан гаригийн шүүх хурлаар УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хороо буюу Увс аймгаас сонгогдсон гишүүдтэй холбоотой хэргийг хэлэлцлээ. Тус тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогдсон ч тэдний сонгуулийн сурталчилгаанд ажилласан залуус иргэдэд мөнгө тараасан, бага насны хүүхэд ашигласан, сонгуулийн сурталчилгаа хаасан үед сурталчилгаа хийсэн хэргээр ял шийтгүүлээд байгаа. Дээрх гишүүдийг сонгогдсонтой холбоотойгоор Увс аймгийн АН болон Тариалан сумын иргэн Х.Баярсайхан нарын 13 иргэн тэдний эсрэг Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан билээ.
Гурван шатны шүүх дээрх 13 иргэний гомдлыг хэлэлцээд СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгч шийдвэрлэсэн байна гэж үзээд гомдлыг хэрэгсэхгүй болгож, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар суудалдаа үлдсэн билээ. Гэвч нэхэмжлэгч 13 иргэн хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдолтой үлдсэн бөгөөд улмаар шинээр илэрсэн нөхцөл байдал хэмээн хэргийг дахин хянуулахаар болсон юм. Энэ сарын 13-нд Улсын Дээд шүүхэд хэлэлцсэн хуралдаанаас гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтдээ хавсаргасан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасан хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг тогтоох үндэслэлд хамааралгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Мөн захиргааны хэргийн шүүхийн холбогдох шийдвэр нь эрх бүхий этгээдүүд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргах шийдвэрт нөлөөлөхгүй болохыг дурдсан байна.
Г.РАВЖАА