“Оюутолгой” компаниас хууль бусаар халагдсан хэмээн зарга үүсгээд байсан С.Гантуяа болон “Рио Тинто” компани хоорондын эцсийн шатны шүүх хурал өчигдөр боллоо. Шүүх хурлын дүнд иргэн С.Гантуяа ялалт байгуулж, “Оюутолгой” компанийн удирдлага монгол ажилчдын хөдөлмөрийг шударгаар үнэлэх боломж бүрдэв. Тэрбээр монгол ажилчид гадаад ажилчдаас бага цалин авч буй талаар “Оюутолгой” компанийн удирдлагуудад шаардлага хүргүүлснийхээ төлөө өнгөрсөн хавар ажлаасаа үндэслэлгүй халагдсан юм.
Ийнхүү монгол ажилчдын цалингийн асуудлыг хөндсөн тэрбээр “Рио Тинто” компанитай гурван шатны шүүхээр заргалдсаны эцэст өөрийн шаардлагыг үндэслэлтэй болохыг баталлаа. Нэгэнт шүүхээр үнэн зөвөө шийдвэрлүүлсэн тул иргэн С.Гантуяа “Оюутолгой” компанид эргэн ажиллах бөгөөд ажилгүй байсан хугацааныхаа цалинг нөхөж авах юм байна. Тэрбээр энэ мөнгөө нутгийнхаа цэцэрлэгт хандив болгон өгөх гэнэ.
Р.Цэцэг