БСШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг эхнэр О.Эрдэнэсолонгын хамтаар онц их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хийж, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж буй. Цагдаагийн байгууллагаас гүйлгээний мөнгөн дүнг 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хэмээн мэдээлж байсан ч Монголбанкныхны өгсөн мэдээллээс үүдэн эндүүрсэн нь тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын явцад “Тавинлан” компанийн захирал Х.Цогнойжамцаас авлига нэхэж дарамтлан, машиныг нь булаасан зэрэг үйлдлээс гадна бусдаас хээл хахууль авсан нь батлагдаж буй гэнэ. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Ё.Отгонбаярын хэрэгт эхнэрийнх нь оролцоо бага болох нь тогтоогдсон. Тэрбээр эхнэрийнхээ дансыг ашиглаж байсан юм билээ. Шалгалтын явцад тэрбээр БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Багш нарыг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөр”-ийн хүрээнд зарласан тендерийг сонгон шалгаруулахын тулд оролцогч компанийн төлөөллөөс их хэмжээний хахууль авсан нь гэрч, бусад холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдсон.
Сайд асан Ё.Отгонбаярыг БНХАУ-д ажлаар явах үед сонгон шалгаруулалтад оролцож байсан “Haier” компанийн төлөөлөгч нь 50 мянган ам.доллар дугтуйд хийж бэлэг болгож өгсөн нь тогтоогдсон. Гэвч тус компани тендерт ялж чадаагүй. ZTE гэх Хятадын компани шалгарсан юм. “Блүүмберг” телевизийн хөтлөгч Долгион гэх залуу Ё.Отгонбаярыг сайдаар ажиллаж байх үед БСШУЯ-нд газрын дарга байсан юм билээ. Энэ хэрэгт холбогдуулж Долгионыг шалгахад тэрбээр “Haier”-ийн төлөөлөгч 50 мянган ам.доллар бэлэглэсэн гэж мэдүүлсэн ч сүүлдээ “Ё.Отгонбаяр сайдад надаар дамжуулан дугтуйтай зүйл өгсөн. Юу байсныг нь мэдээгүй” хэмээн анхны мэдүүлгээсээ буцсан. Уг хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс удахгүй АТГ-ын Мөрдөн байцаах албанд харьяаллын дагуу шилжүүлэхээр болоод байгаа. Тэндээс Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт прокурорын байгууллагад гаргах бололтой.
Г.РАВЖАА