УИХ-ын 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үймээн болж улмаар таван хүний амь эрсдсэн үйл явдал өнөө хэр мартагдаагүй. Энэ үйл явдалд хэн буруутай, таван хүний амь нас яагаад хохиров, хэн буудав гэдгийг тогтоохоор Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан дөрвөн жил орчим хөөцөлдсөн ч буруутныг олж тогтоогоогүй байгаа. Харин үймээн болох үед ЦЕГ-ыг удирдаж байсан хошууч генерал Ч.Амарболд, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг гэм буруутай гэж үзэн 2.6-3.6 жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Тэд хаана ял эдэлж байна вэ?
Дээд шүүхийн шийдвэр гарсан даруй тэднийг ял эдлэх хорих ангид хүргэсэн. Хошууч генерал Ч.Амарболд, О.Зоригт нар ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр ангид ял эдэлж байна. Ч.Амарболдын биеийн байдал сайнг үй байгааг ар гэрийнхэн нь хэлэв. Ялын хугацаанд тухайн иргэн харуул хамгаалалттай орчинд хөдөлмөр эрхлэхийг хуулиар зөвшөөрдөг учир хошууч генерал ШШГЕГ-ын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт харуул хийж байгаа юм.
Харин хурандаа Ш.Батсүх 421 дүгээр ангид ял эдэлж буй. Амгаланд байрлах энэ хорих анги нь барилга, барилгын материалын жижиг үйлдвэрээс гадна тахианы аж ахуйтай. Хоригдож буй цагдаагийн дарга нараас цөөн жилийн ялтай нь О.Зоригт. Ял сонссон өдрөөс нь тооцвол тэрбээр шинэ оны өмнөхөн суллагдах бололтой.
Х.Оюунсүрэн