Барилгачдын талбай өчигдрөөс эхлэн хоёр хоногийн турш ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаныхны хөлд дарагдлаа. Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаныхан салбар нэгжийнхээ үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хүнсний ногоо болон хүмүүжигчдийн гар урлалын бүтээлийг олон нийтэд сурталчилж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж буй юм.
Барилгачдын талбайд цагаан идээ, хүмүүжигчдийн хийсэн чулуу, мод, гар урлалын бүтээлүүд, хөшөөн чулуу, тоосго, нүхтэй блок, сийлбэртэй гэр, вакум цонх, хаалга зэрэг бүтээгдэхүүн дэлгэжээ. Таван ханатай, сийлбэртэй гэр, авдар, ширээ сандлын хамт 15 сая төгрөг байгаа бол 64 угалзтай монгол гутал 200 мянган төгрөгөөр худалдаж байгаа нь зах зээлийн ханшаас хямд байна гэж иргэд ярьж байлаа.
Г.РАВЖАА