УИХ-ын гишүүн асан Д.Дондог болон өөр дөрвөн хүнд холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзлээ. Уг хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, дахин шалгуулахаар болсон юм. Уг хэргийн холбогдогч А.Батбилэгийн үйлдсэн зарим гэмт үйлдлийг сайтар нягталж тогтоох нь зүйтэй гэж хоёр шатны шүүх үзжээ.
Д.Дондог нар нь УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барихаар газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал” гэж тус компаниас “Сумбар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан бөгөөд уг хэрэгт нь цагдаагийн ажилтан Д.Ширнэндорж, А.Ариунболд нар холбогдсон юм.
Үүнээс гадна Шадар сайд асан М.Энхболдын нэрийг ашиглан, бусдыг залилсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм.
Г.РАВЖАА