ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Эмнэлгийн эмчилгээ, оношлогооны хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор, ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Батзориг, түүний эхнэр “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргал нарын таван хүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийнхэн саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тендер будлиулж, өөрсдийн ивээл дор байдаг “Лабтех” компанийг шалгаруулж, төсвийн хөрөнгийг завшиж байсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, УМБГ-т шалгаж байгаад харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн.
Н.Хүрэлбаатарын хувийн компани болох “Лабтех”-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь шаардлага хангадаггүй, хоцрогдсон, хугацаа нь дуусаж байгаа зэрэг хуучин техник байснаас үүдэлтэйгээр ийнхүү шалгах болсон билээ. Тухайлбал, ГССҮТ-д суурилуулсан дүрс оношлогооны MRI аппаратыг тус компанийнхан 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй, шинэ тоног төхөөрөмж хэмээн нийлүүлсэн ч гадаад оронд удаан жил ашигласан хуучин эд байснаас өдгөө ашиглах боломжг үй болсон юм. Энэ хэрэгт холбогдсон С.Батзориг өнгөрсөн зургадугаар сард өлсгөлөн зарлаж, улмаар эрүүл мэнд нь муудсан учраас түүнийг суллан, гадуур байцааж эхэлсэн.
Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Н.Түмэндэмбэрэлийг өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь хүсэлтээр АТГ-аас цагдан хорих арга хэмжээг нь өөрчиилж батлан даалтад гаргажээ. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ийнхүү сулласан гэнэ.
Г.ОРЧЛОН