Нийслэлийнхний ундны усны гол эх үүсвэр болсон Туулд арьс шир боловсруулдаг “Бэлон” компанийнхан химийн хорт бодистой усаа нийлүүлсэн талаар бид мэдээлж байсан. Тус компанийн ерөнхий захирал Р.Баатархүүд энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тус компанийнхан цэвэр ус ашиглаж арьс боловсруулан, хаягдлыг нь “Урьдчилан цэвэрлэх байгууламж”, Төв цэвэрлэх байгууламжаар дамжуулан Туул голд хаясан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
“Бэлон” компанийнхан цэвэр усны хаалтыг нээн шөнийн цагаар үхрийн 8422 шир боловсруулж, натри, амоний хүчил, шохойн уусмал, хром, сульфид зэрэг химийн бодисоор бохирдсон усаа Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж, түүгээр дамжуулан Туул голд хаяж байсан юм. Ингэснээр экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсныг шинжээчид тогтоосон. Гэтэл Р.Баатархүү химийн хороор Туул голыг бохирдуулсан хууль бус үйлдлээ үл ойшоож, “Би голд химийн бодистой ус шууд нийлүүлээгүй. Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлсэн” гэж мэдүүлсэн гэдэг.
Нийслэлийн прокурорын газраас “Загас олноор үхсэн болон Туул гол намагшиж, хужирсан бохирдсон нь тогтоогдоогүй” гээд хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ.
Г.РАВЖАА