Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт улсын дугаар, марк нь тодорхойгүй автомашины жолооч 30-35 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж, хөнөөгөөд зугтаасан хэрэг өчигдөр 22.30 цагийн орчим Яармагийн шинэ зам дээр гарчээ. Зугтаасан жолоочийг Замын цагдаагийн газраас эрэн сурвалжилж, тэр хавьд байсан хүмүүсээс мэдээлэл аван, шалгаж байгаа аж.
Тухайн ослыг харсан жолооч байвал ЗЦГ-т хандаарай гэж тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Ж.Энхбат хэлээд “Зарим замыг бүрэн тавьж дуусгаагүй хэрнээ ашиглалтад оруулж байна. Ямар ч гэрэлтүүлэг, ус зайлуулах суваг байхгүйгээс үүдэн зам, тээврийн осол гарсан тохиолдол сүүлийн үед нэлээд бүртгэгдэж байгаа. Гэхдээ дээрх хэргийг шалгаж байгаа тул ямар нэг дүгнэлт өгөх боломжгүй” хэмээн тайлбарлав.
НАЗГ-ын Зам барилгын хяналтын хэлтсээс тус замд хэзээ гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэгээ хийхийг тодруулахад “Яармагийн шинээр нээсэн замын суурь хучилтыг хийсэн. Одоо өнгөн хучилтыг тавих дутуу. Харин хуучин замыг нь засаж байна. Зам, засварын ажил бүрэн дууссаны дараа тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хийнэ” гэв.
Б.Сүрэн