Монголчууд архин далайд живж байна. Бүхэл бүтэн улс, үндэстнийг мөхөөсөн шулмын энэ ундаанд нийгмээрээ дурлаж, архидан согтуурагчид хүүхэд, эмэгтэйчүүдээр хүрээгээ тэлэв. Улаанбаатарыг согтуу чуудын хот гэхэд хилсд үүлсэн болохгүй. Архины цагаан солио туссан иргэдийн бүхэл бүтэн давхарга бий боллоо. Бор дарсанд хөлч үүрхэгчид гэр бүл, ойр дотныхноо хөнөөв, бусдын гарт амиа алдлаа гэх таагүй мэдээ ердийн зүйл болсон. Архидан согтуурахтай тэмцэхийн тулд албан татварыг нь нэмсэн ч хар усанд толгойгоо мэдүүлэгчид буураагүй. Хуульд хүнсний дэлгүүрүүдийг өдрийн цагаар архи худалдахыг зөвшөөрдөг ч 00 цагаас хойш хориглодог. Гэтэл архи худалдах зөвш өөрөлтэй дэлгүүрүүд шөнийн цагаар илүү орлого олдог юм байна. Монголд хууль үйлчилдэггүйн жишээ захаас аван таарна. “Өнөөдөр баасан гариг, шоуны өдөр” хэмээн хөгшин, залуугүй гуяа алгадан гүйдэг эл өдөр шөнийн цагаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүдийн үйл ажиллагааг бид нууц дурандаа буулгасан юм.
Өнгөрсөн баасан гариг, 00.30 цагийн үед. Өтөн дээр шавж буй ялаа аятай арав гаруй хүн нэгэн дэлгүүрийн цонхны дэргэд дугаарлаад зогсчихож. Тэд өдийд талх авах гэж хаалгаа барьсан дэлгүүрийн цонхон дээр дугаарлаагүй л байлтай. Архи, шар айраг, ундаа барьсан хэдэн хүн машин руугаа яаран гүйв. Хаалгаа барьчихсан, гаднах гэрэл нь унтраастай хэрнээ шөнийн цагаар иргэдэд согтууруулах ундаагаар ийн үйлчилж буй дэлгүүр бол “Овоот трейд”. Тус дэлгүүр Сонгинохайрхан дүүргийн XI хороо, Хөтөлийн автобусны буудлын чанх урд байрладаг. Баянхошууныхан эднийхийг анддаггүй юм билээ. Дэлгүүр хаасан үед “Овоот трейд рүү очиход найдвартай” гэлцэнэ. Архи, ундаа багтахаар жижигхэн салхивчаар худалдагч, үйлчлүүлэгчид бараа, мөнгөө солилцдог. Архи, шар айраг нь шөнийн тарифтай, 2-5 мянган төгрөг нэмж, багаг үй ашиг олно. “Үнэтэй байна” гэсэн үйлчлүүлэгчийн гомдолд худалдагчийн хэлэх хариулт нь нэг л байдаг аж. “Тэгвэл авахаа л больчихгүй юу” гэнэ. Архинд халж, хөлд нь хий орсон хүмүүс үнэтэй байсан ч хамаагүй архиа авч, шөнийн ангуучдыг улам хөлжүүлнэ. Тэнд таван минут орчим зогсоход 20 гаруй хүн үйлчлүүллээ. Хүүхдээ дагуулсан эцэг, эх, хөл дээрээ тогтож ядах хөгшин, залуу гээд бүгд үйлчлүүлнэ.
III, IV хороолол “Өргөө” кино театраас хойш “Бичил” рүү өгсдөг зам дагуу нэгэн дэлгүүр тэр хавьдаа “алдартай”-г сонсоод тийш очив. Шөнийн цагаар тэр хавийн замд осол гараа юу гэлтэй түгжирчээ. Шөнө бүр архи зардаг гэх “Таац Hotel” энэ шөнө архи зарахгүй байгаа тул хүмүүс тэр хавиар эргэлдэн, тус дэлгүүрийн ойр орчимд машинаа тавьснаас багагүй түгжээ үүсэж, жолооч нар нэлээд маргалдав. 00.55 цагийн үед биднийг очиход гадуур нь согтуу хөлчүү хүн олноор холхиж байлаа. Архи яагаад зарахгүй байгаа учрыг лавлахаар дотогш оров. Тус буудлын нэг давхарт хүнсний дэлгүүр байрлах агаад хаалгаа барьжээ. Буудлынхнаас “Архи авах гэсэн юм, байна уу” гэтэл “Саяхан дуусчихлаа, удахгүй ирнэ” гэлээ. Архи хайсан хүмүүс тэднийг шалж, өгчих л дөө, нуугаад аваад явна гэсэн ч гаргаж өгөхгүй байгааг харахад үнэхээр архи нь дууссан бололтой. “Байвал өгөлгүй яах вэ, одоо авчирч байгаа, түр хүлээж байгаач” гэх нь сонсогдов. Худалдагч эмэгтэйн яриа, тэнд цугларсан хүмүүсийн байр байдлыг харахад энд архи зардаг нь илт.
01.20 цагийн үед өнөөх буудлын хойхно талд нэгэн залуу машинаа зогсоолд тавьчихаад тэр хавиар эргэлдээд байсан нь сэжигтэй санагдлаа. Анхандаа ч анзаараагүй л дээ. Гэтэл архи хайсан хүмүүс тэр залуутай нэг нэгээрээ уулзаад шивэр авир хийн, тортой юм тэврэн алга болох нь тэр. Гэтэл мань эр машиныхаа багаажид архи, шар айраг их хэмжээгээр ачин, хүмүүст борлуулж байсан юм билээ. Архи зардаг дэлгүүрүүдийн гадуур эргэлдэж бараагаа борлуулдаг, эсвэл “Таац Hotel”-ынхон архиа авчирч байгаа юм байна гэсэн хоёр таамаг төрөв. УНТ 02-39 улсын дугаартай “Toyoto prius 20” маркийн машинтай уг залуу нэлээд хэдэн хүнд архи, шар айраг зарлаа. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу яваад өгөх нь тэр. Ямартай ч буудалд архи авчирсан хүн биш бололтой.
Хуучин Тээврийн товчооны орчимд шөнөөр архи худалддаг газар байдаг гэсний дагуу тийш очсон ч тэр дэлгүүр нь бууриа сэлгэжээ. Дээр хэлсэнчлэн архи зардаг нэлээд хэдэн дэлгүүр заалгасны нэг нь 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ард байдаг гэх.
01.30 цагт очиход дэлгүүр хаалттай байсан тул машинтайгаа уг дэлгүүрийн хажууханд түр зогслоо. 20-27 орчим насных гэмээр 5-6 залуу “Архи авах уу, шар айраг авах уу” хэмээн биднийг бүчин авав. Архи худалддаг дэлгүүрийн талаар тэднээс тодруулахад ямартай ч шөнөөр архи зарахгүй байгаа юм байна. Хувиараа архи зарж буй гэх тэднээс үнийг нь асуутал “Экс л зардаг, өөр архи байхгүй. 0.5 нь 15, 0.75 нь 20 мянган төгрөгийн үнэтэй. “Боргио” шар айраг 2.5 литрийнх нь 10 мянган төгрөг” гэлээ. Өдрийн цагаар ийм хэмжээтэй “Боргио” 4-5 мянган төгрөг, экспортын гэх цагаан архи мөн 0.75 нь гэхэд 12 мянга орчим төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл тэд шөнийн цагаар хууль зөрчиж байгаагийн дээр луйвар хийж, согтуу хүмүүсийг “шулдаг” бололтой. Үнэтэй байна гэх нэрийдлээр тэднээс зайгаа барих гэтэл “Хэрвээ архи авахаар болбол автобусны буудлын зүүн талаар дээш өгсүүт нийслэлийн 51 дүгээр дунд сургууль бий. Түүний зүүн талд архи зардаг дэлгүүр онгорхой байгаа. Автобусны буудлаас хүмүүс явуулсан, архи авах гэсэн юм гэвэл өгнө” гэж ярив. Шөнийн ангуучдын арга нь нарийсчээ. Тус сургуулийн зүүгээр ороотол “Орхон” хүнс ний дэлгүүр угтав.
01.50 цагийн үед тус дэлгүүр нээлттэй, хар усыг ч уут уутаар нь гадагшлуулж байсан. Хачирхалтай нь 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хажууд бидэнтэй таарсан залуус уг дэлгүүрийн ажилчид нь юм билээ. Тэд буудал орчмоор эргэлдэж, тус дэлгүүр рүү үйлчлүүлэгчдийг илгээж, зуучилж өгдөг аж. Тэд архи, ундаа, шар айргийг уут уутаар нь савлан захиалга энэ тэр гээд авч явлаа. Өнөөх залуусын нэгийг сайн харвал “Таац” буудлын гадна машиныхаа багаажаас архи зарж байсан залуу мөн бололтой.
Нэг шил шар айргийг хоёр мянган төгрөгөөр зардаг аж. Өдрийн цагаар бол 1200 төгрөгийн үнэтэй шүү дээ. Худалдагчаас үг унагаах санаатай танайх хэд хүртэл ажиллах вэ, эргээд ирвэл байх уу гэтэл “Гэрэл асаалттай бол онгорхой гэсэн үг. Ер нь манайх 24 цаг нээлт тэй байдаг” гэлээ. Ямар дархан эрхтэйд нь Монголын хууль ингэж гууль хэлбэрээр үйлчилдэг байна аа. Хэсэг бүлэг залуусыг цалинжуулж, бохир бизнестээ татан оруулсан тус дэлгүүрийнхний энэ арга хэрээс хэтэрчээ.
Манай сурвалжлах хэсэг X хорооллын “Хөлөг” мини мар кет руу дурангаа чиглүүллээ. Шоучдын сайн мэддэг “Стелла”, “Зол хайрхан” шөнийн цэнгээний газрын зүүн талд байрладаг нь тус дэлгүүрийнхэнд ашигтай байдаг биз. Дэлгүүрийн гадна 02.30 цагт ирэхэд хаалга нь хаалттай ч хүмүүс архи авсан хэвээр. Ганц хоёроороо тус дэлгүүрийн хаалгыг аяархан тогшиж, хүссэн бараагаа авч гарах нь манай нууц дуранд буусан юм. Зарим нь машинтайгаа дэлгүүрийн орчимд зогсож байгаад хаалга онгойх үед гүйн орж, хэсэг хугацааны дараа тор дүүрэн сархад бас бус зүйлийг аваад гарч явав. Энэ дүр зураг 20 минут үргэлжлэхэд 10 гаруй хүн үйлчлүүлсэн. Тус дэлгүүр замынхаа хоёр тал руу харсан хяналтын камертай. Үүгээрээ цагдаагийнхныг харж байдаг бололтой.
03.00 цаг. Буцах замдаа “Таац” буудлын эргэн тойрныг ажиглатал хөл хөдөлгөөн багассан байв. Удахгүй ирнэ гэсэн архи ч иржээ. Архи авахыг нэгэн залуу санал болголоо. Ер нь дэлгүүрүүд хамгийн их ашигтай тул “Экс” цагаан архи зардаг юм билээ. Өөр төрлийн согтууруулах ундаа зарж байгаагүй. Үнэ ханшийн хувьд дэлгүүрүүд адилхан байсан. Хөтөлийн автобусны буудлын урд байрлах “Овоот трейд”-ийн орчмоор хүн үзэгдсэнгүй.
Миний таамагласнаар гэр хорооллын дэлгүүрүүд 02.00 цаг хүртэл архи согтууруулах ундаа борлуулдаг бололтой. Харин хотын төвийн дэлгүүрүүдэд энэ нь эсрэгээрээ. Нийслэлд өдгөө 2664 дэлг үүр үйл ажиллагаа явуулж буйгаас 2000 орчим нь согтууруулах ундаа зардаг. Өдөр ч, шөнө ч ялгаагүй архичдыг өөхшүүлж, тэднийг угжиж байгаа газруудыг цэгцлэх цаг болжээ. Тэд цагдаа, хууль хяналтынхнаас дээгүүр эрх мэ дэлтэй юм шиг аяглаж байна.
Шөнийн цагаар архи зарж, иргэдийг янз бүрийн гэмт хэрэг рүү түлхэгчид нь дээрх хууль зөрчигчид. Тэдний арга нь улам нарийсч, хууль хяналтынхан ч хүчрэхээ болио юу даа. Ядахдаа шөнийн цагаар архи зарахгүй байвал иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох нь арай багасах биш үү. Бүхний нүдэн дээр ил болсон асуудлыг манай эвэртэн туурайтнууд мэдсэн ч мэдээгүй царайлдаг. Архидалт нийгмийн үзэгдэл. Энэ намаг балчгаас иргэдээ татан авах нь төрийн үүрэг. Гэтэл олон нийт элий балай байх нь манай улстөрчдөд зарим талаар хэрэгтэй байдаг бололтой. Улс нийгмээрээ живж буй архидалттай хатуухан тэмцэх цаг болжээ.