Манай улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргээр хоригдож байсан Азила Хадри, Сируп Умар гэх хоёр цагдааг Малайзын шүүх суллажээ. Тэднийг 2006 онд Ш.Алтантуяаг хулгайлж, биед нь цэргийн зориулалттай тэсрэх бодис зүүж дэлбэлсэн хэрэгт холбогдуулан, 2009 онд шүүхээс ялын дээд хэмжээ ногдуулсан юм. Гэсэн ч саяхан давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр манай улсын иргэнийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн тэрхүү аймшигт хэрэгт нэг ч хүн буруугүй болж, энэ хэрэгт холбогдсон бүх хүн суллагдав.
Уг нь цагдаа нар Ш.Алтантуяаг Абдул Разак Багиндагийн гэрийн гаднаас хүч хэрэглэн Куала Лумпур хотын захын ойд аваачин толгойд нь буудан хөнөөгөөд, биед нь С4 зүүн дэлбэлсэн гэдгээ хүлээсэн хэмээн Малайзын хэвлэлээр бичиж байв. Тухайн үед Малайзын хуулийн байгууллагынхан Абдул Разак Багинда уг аллагыг захиалсан хэмээн үзэж, түүнийг баривчилсан ч 2008 онд тус улсын Дээд шүүх цагаатгасан. Тэрбээр суллагдмагцаа Их Британи руу дүрвэжээ.
Малайзын сөрөг хүчнийхэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт Ерөнхий сайд Назиб Разакийг холбоотой гэж үзэж байгаа аж. Учир нь Назиб Разак нь тухайн үед Батлан хамгаалахын сайд байхдаа шумбагч хөлөг онгоц худалдан авах гэрээ байгуулахын тулд Францын төрийн өмчит DCNS болон “Thales international” компаниас авлига авсан байж болзошг үй гэнэ. Францын цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа юм. Ш.Алтантуяа 2004 онд Багиндатай танилцаж, шумбагч онгоц худалдах гэрээ байгуулах үед түүний орчуулагчаар Францад очиж байсан гэдэг. Энэ наймааны талаар их зүйл мэдэж байсан нь түүнийг амиа алдахад хүргэсэн гэж үздэг.
Эцсийн дүндээ Малайзын Ерөнхий сайд Назиб Разактай холбоотой энэ хэргийн бүх сэжигтэн өдг өө ямар ч хэрэг хийгээгүй мэт чөлөөтэй алхаж явна. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Уг хэрэг 2006 онд үйлдэгдсэнээс хойш хэргийг үнэн мөнөөр шийдэж, гэмт этгээд үүдэд зохих хариуцлага хүлээлгэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газраас Малайзын Засгийн газарт удаа дараа тавьсаар ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхнийг шүүх хуралд оролцуулах зэрэг бүхий л ажилд тусалж дэмжсээр ирсэн.
Цаашид ч яам иргэнийхээ амь насыг балмадаар хохироосон шалтгааныг үнэн зөвөөр тогтоолгож, гэмт хэрэгтнүүдэд тохирох ял ногдуулж, гэр бүлийн гишүүдийнх нь сэтгэлийн зовлонг нимгэлэхийн төлөө боломжтой бүхий л арга хэмжээ авч ажиллах болно” гэсэн байна.
Х.ЭРХЭМ